1 Самуел
Бүлэг 7
Кириат-иеаримын хүмүүс ирж, ЭЗЭНий авдрыг авч, толгод дээрх Абинадабын гэрт авчрав. Түүний хүү Елеазарыг ЭЗЭНий авдрыг хамгаалуулахаар ариусгасан билээ.
2 Авдар Кириат-иеаримд үлдсэн өдрөөс хойш удаан хугацаа өнгөрч, хорин жил болов. Израилийн бүх гэр ЭЗЭНийг санагалзан гашуудлаа.
3 Тэр үед Самуел Израилийн бүх гэртэй ярин,—Хэрэв та нар бүх зүрх сэтгэлээрээ ЭЗЭНд эргэн хандаж байгаа бол, та нар дотроосоо харийн бурхад болон Аштаротыг зайлуулан, зүрх сэтгэлээ ЭЗЭНд хандуулан, зөвхөн Түүнд л үйлчил. ЭЗЭН та нарыг филистчүүдийн гараас аварна гэв.
4 Тийнхүү Израилийн хөвгүүд Баалууд болон Аштаротыг зайлуулан, зөвхөн ЭЗЭНд үйлчлэв.
5 Тэгэхэд Самуел—Бүх Израилийг Мизпад цуглуулагтун! Би та нарын төлөө ЭЗЭНд залбирна гэв.
6 Тэд Мизпад цугларч, ус татаж, ЭЗЭНий өмнө асган, тэр өдөр мацаг барин,—Бид ЭЗЭНий эсрэг нүгэл үйлдсэн билээ гэв. Самуел Мизпад Израилийн хөвгүүдийг шүүв.
7 Израилийн хөвгүүдийн Мизпад цугласан тухай филистчүүд сонсоод, филистчүүдийн ноёд Израилийн эсрэг хөдлөв. Израилийн хөвгүүд үүнийг сонсоод, филистчүүдээс айв.
8 Израилийн хөвгүүд Самуелд—Тэр биднийг филистчүүдийн савраас аврахын тулд бидний Бурхан ЭЗЭН уруу бидний төлөө хашхирсаар байгтун гэв.
9 Самуел нэг нялх хурга авч, түүнийг бүхлээр нь шатаан, шатаалт тахил болгон ЭЗЭНд өргөв. Самуел Израилийн төлөө ЭЗЭНд хашхирахад ЭЗЭН түүнд хариулав.
10 Самуел шатаалт тахил өргөж байсан бөгөөд филистчүүд Израильтай тулалдахаар дөхөж ирэв. Гэвч ЭЗЭН тэр өдөр филистчүүдийн дээрээс хүчит аянга буулгаж, тэднийг самгардуулсанд, тэд Израилийн өмнө бут цохигдов.
11 Израилийн эрчүүд Мизпагаас гарч, филистчүүдийг хөөн, Бет-карын бэл хүртэл тэднийг цохив.
12 Дараа нь Самуел нэг чулуу авч, Мизпа Шен хоёрын дунд тавиад, түүнийг Ебенезер гэж нэрлэн,—ЭЗЭН бидэнд энэ газар хүртэл туслав гэжээ.
13 Ийнхүү филистчүүд ялагдаж, Израилийн хязгаар уруу дахин халдаж орж ирсэнгүй. Самуелын амьд байх бүх өдрүүдэд ЭЗЭНий мутар филистчүүдийн эсрэг байв.
14 Израилиас филистчүүдийн булааж авсан Екроноос Гат хүртэлх хотууд Израильд буцан нэгдэв. Израиль филистчүүдийн савраас газар нутгаа чөлөөллөө. Тийнхүү Израиль болон аморичуудын хооронд амар тайван байв.
15 Самуел амьдралынхаа бүх өдрүүдийн турш Израилийг захирчээ.
16 Тэрээр жил бүр Бетел, Гилгал, Мизпагаар тойрон, эдгээр бүх газруудад Израилийг шүүв.
17 Дараа нь Рамад буцдаг байжээ. Учир нь түүний гэр тэнд байв. Тэнд Израилийг тэр шүүв. Тэр тэнд ЭЗЭНд тахилын ширээ босгов.