1 Самуел
Бүлэг 25
Самуел нас эцэслэв. Бүх Израиль цугларч, түүний төлөө гашуудан, түүнийг Рама дахь гэрт нь оршууллаа. Давид босож, Параны цөл уруу явав.
2 Кармелд эдлэн газартай нэгэн хүн Маонд байжээ. Тэрээр маш их баян хүн бөгөөд гурван мянган хонь, нэг мянган ямаатай байв. Тэр хүн Кармелд хониныхоо ноосыг хяргаж байх зуур
3 (тэр хүний нэрийг Набал, түүний эхнэрийн нэрийг Абигаил гэдэг байв. Өнөөх эмэгтэй ухаан саруул, гоо үзэсгэлэнтэй байсан боловч нөхөр нь зөрүүд, муухай зантай байжээ. Тэр калеб хүн ажээ.)
4 Давид Набалыг хонио хяргаж байгааг цөлд сонсов.
5 Ийнхүү Давид арван залууг илгээж, тэдэнд хэлэхдээ—Кармел өөд явж, Набалтай уулзан, миний нэрийн өмнөөс түүний мэндийг асуу.
6 Та нар ингэж мэндчилэгтүн. “Урт удаан наслаарай. Та амар амгалан байх болтугай. Таны гэр бүлийн хүмүүс амар амгалан байх болтугай. Таны гэсэн бүх юмс амар амгалан байх болтугай.
7 Хонины ноос хяргагчид танайд байна гэж би сонслоо. Урьд танай хоньчид бидэнтэй хамт байх үед бид тэднийг гомдоогоогүй бөгөөд тэднийг Кармелд байх хооронд юу нь ч алга болоогүй.
8 Та өөрийн залуусаас асуувал тэд тэгж хэлэх болно. Тиймээс миний залуусыг ивээж өгнө үү. Учир нь бид баярын өдөр ирсэн билээ. Таны боолууд болон таны хүү Давидад таны гарт байгаа юуг ч хамаагүй өгнө үү?” гэж хэл гэв.
9 Давидын залуус тэнд ирцгээж, хэлсэн бүх үгсийн дагуу Давидын нэрийн өмнөөс Набалд хэлэн хариуг хүлээв.
10 Харин Набал Давидын зарц нарт хариулахдаа—Давид гэж хэн юм бэ? Иессийн хөвгүүн гэж хэн юм бэ? Одоо эзнээсээ зугтаах боолууд олон боллоо.
11 Хонины ноос хяргагчиддаа зориулж нядалсан энэ мах, ус болон талхаа хаанаас ирсэн нь үл мэдэгдэх хүмүүст би өгөх ёстой болж байна уу? хэмээн өгүүлэв.
12 Тэгэхэд Давидын залуус ирсэн замаараа буцаж ирцгээн эдгээр бүх үгсийг Давидад мэдүүлэв.
13 Давид хүмүүстээ—Хүн бүр өөрсдийн илдээ биедээ зүүгтүн хэмээн тушаасанд хүн бүр илдээ зүүв. Давид ч бас илдээ зүүн, дөрвөн зуугаад хүн Давидыг дагаж яван, хоёр зуун хүн ачаа бараагаа харж үлдэв.
14 Гэтэл Набалын эхнэр Абигаилд залуусынх нь нэг нь мэдүүлэн—Харагтун, бидний эзэнд мэнд хүргэхийн тулд Давид цөлөөс элч нарыг илгээсэнд манай эзэн тэднийг харааж зүхэв.
15 Гэсэн ч тэдгээр хүмүүс бидэнд их сайн хандаж, биднийг гомдоогоогүй, бас бид тэдэнтэй хамт хээр талд байхад бидний юу ч алга болоогүй билээ.
16 Биднийг тэдэнтэй хамт хонь хариулж байх үед өдөр ч, шөнө ч тэдгээр хүмүүс бидэнд хана цайз мэт болж байв.
17 Тиймээс одоо та яавал зохихыг бодож мэдэгтүн. Учир нь гай зовлон бидний эзэн болон түүний бүх гэрийнхнийг дайрах нь гарцаагүй боллоо. Эзэнтэн бол үнэхээр өөдгүй хүн тул хэн ч түүнтэй ярьж чадахгүй хэмээн өгүүлэв.
18 Абигаил хоёр зуун талх, хоёр тулам дарс, аль хэдийнээ бэлтгэгдсэн таван хонь, таван хэмжүүр хуурсан тариа, зуун боодол үзэм, хоёр зуун боодол инжир тус тусыг яаран авч, тэдгээрийг илжигнүүд дээр ачаалав.
19 Тэр өөрийн залуустаа—Миний өмнө яв. Би та нарын араас явж байна гэв. Гэвч тэр эмэгтэй өөрийн нөхөр Набалд юу ч хэлсэнгүй.
20 Тэр илжгээ унаж, уулын нугачаагаар бууж ирэх үед Давид болон түүний хүмүүс түүн уруу бууж ирж байсан бөгөөд тэд уулзлаа.
21 Давид—Би цөлд тэр хүний хамаг хөрөнгийг хамгаалж байхдаа тэр хүнд харьяалагдах бүхнээс ганц нь ч алга болоогүй. Үнэхээр энэ бүгд огт дэмий байжээ. Тэр надад сайныг муугаар хариулав.
22 Хэрэв маргааш өглөө хүртэл түүнд харьяалагдах хүмүүсийн дотроос ганц ч эрэгтэй хүнийг үлдээвэл Бурхан Давидын дайснуудыг ийнхүү бөгөөд үүнээс ч улам ихээр шийтгэх болтугай хэмээн хэлээд байсан ажээ.
23 Абигаил Давидыг харангуутаа яаран, илжигнээсээ бууж, Давидын өмнө нүүрээрээ унаж, мөргөв.
24 Тэр эмэгтэй Давидын хөлд унан,—Эзэнтэн минь, зөвхөн миний буруу. Өөрийн шивэгчнийг яриулж, өчгийг нь сонсоно уу.
25 Тэр өөдгүй хүн Набалыг эзэнтэн минь бүү хайхрагтун. Учир нь тэр өөрийнхөө нэртэй адил хүн. Түүний нэрийг Набал гэдэг бөгөөд мунхаг байдал түүнтэй хамт билээ. Харин таны шивэгчин би эзэнтний илгээсэн залуусыг хараагүй юм.
26 Тийм учраас одоо эзэнтэн минь, ЭЗЭНий амьд буйгаар болон амьд буйгаар тангараглая. ЭЗЭН таныг цус урсгахаар явахыг зогсоож, таны гараар өшөө авахыг нэгэнт болиулсан тул эзэнтэнд минь хор хөнөөл болохыг хүсэгчид болон дайснууд тань Набалтай адил болох болтугай.
27 Эзэнтэндээ авчирсан шивэгчний тань энэхүү бэлгийг эзэнтнийг минь дагалдаж буй залууст өгөх болтугай.
28 Та шивэгчнийхээ нүглийг өршөөн соёрх. ЭЗЭН заавал эзэнтэнд минь бат бэх гэрийг барьж өгнө. Учир нь эзэнтэн минь ЭЗЭНий дайныг хийж байгаа билээ. Таны амьдралын бүхэл өдрүүдэд бузар муу юм байхгүй.
29 Хэн нэгэн хүн босон, таныг мөшгөн хөөж, таны амийг авахаар эрсэн ч миний эзэнтний амийг таны Бурхан ЭЗЭН амийн уутанд хийж уях болно. Харин таны дайснуудын амийг ЭЗЭН дүүгүүрт хийж шидэх мэт байх болно.
30 ЭЗЭН таны тухай амласан сайн сайхан бүгдийнхээ дагуу эзэнтэнд минь гүйцэтгэж, таныг Израилийн удирдагчаар томилох цагт
31 шалтгаангүйгээр цус урсгаж, эзэнтэн минь өөрийнхөө төлөө өшөө авсан эдгээр зүйлс нь эзэнтний минь зүрхэнд саад тотгор болон гашуудал болохгүй байх болтугай. ЭЗЭН, эзэнтнийг минь сайн сайхан болгоход өөрийн шивэгчнийг санагтун хэмээн өгүүлэв.
32 Давид Абигаилд—Өнөөдөр чамайг надтай уулзуулахаар явуулсан Израилийн Бурхан ЭЗЭН магтагдах болтугай.
33 Мөн чиний саруул ухаан магтагдах болтугай. Намайг өнөөдөр цус урсгахаас болон өөрийнхөө гараар өөрийн өшөөг авахаас болиулсан чи магтагдах болтугай.
34 Намайг чамд хор хөнөөл хийхийг болиулсан Израилийн Бурхан ЭЗЭНий амьд буйгаар тангараглая. Хэрэв надтай уулзахаар чи яаран ирээгүй бол үнэхээр үүр цайх хүртэл Набалд ганц ч эрэгтэй хүн үлдэхгүй байх байсан хэмээн өгүүлэв.
35 Ийнхүү Давид Абигаилын гараас түүний авчирсан юмыг авч, тэр эмэгтэйд—Гэртээ тайван буцагтун. Харагтун, би чиний өгүүлснийг сонсож, чиний гуйлтыг хүлээн авлаа хэмээн өгүүлэв.
36 Тэгээд Абигаил Набал уруу буцаж ирэхэд Набал өөрийн гэртээ хааны найр шиг найр хийж байв. Набал ихэд согтуу байсан болохоор сэтгэл нь хангалуун байв. Тиймээс Абигаил үүр цайх хүртэл түүнд юу ч ярьсангүй.
37 Харин өглөө болж Набалын согтуу гарахад эхнэр нь түүнд тэдгээр зүйлсүүдийн тухай ярьсанд түүний зүрх нь мөхөж, чулуу мэт болов.
38 Арваад хоногийн дараа ЭЗЭН Набалыг цохисонд тэр үхэв.
39 Давид Набалыг үхсэнийг сонсоод,—Набалын гарт доромжлогдсон миний өшөөг авч, Өөрийн боолоо бузар мууг үйлдэхээс зогсоосон ЭЗЭН магтагдах болтугай. ЭЗЭН Набалын нүглийг түүний толгойд хариулав хэмээн өгүүлэв. Тэгээд Давид хүн илгээж, Абигаилыг эхнэрээ болгох гэж байгаа тухай хэлүүлэв.
40 Давидын зарц нар Кармел дахь Абигаил уруу ирж, түүнд—Давид чамайг эхнэрээ болгон авахын тулд биднийг илгээв хэмээн өгүүлэв.
41 Тэр эмэгтэй босож, нүүрээрээ газарт хүртэл мэхийн,—Харагтун, шивэгчин тань эзэнтнийхээ зарц нарын хөлийг угаах боол эмэгтэй чинь билээ хэмээн өгүүлэв.
42 Абигаил яаран босож, өөрийн таван шивэгчнийхээ хамт илжгээ унан Давидын элч нарын араас дагаж яван, Давидын эхнэр болов.
43 Давид мөн Иезреелийн Ахиноамыг авсан байсан тул тэд хоёулаа Давидын эхнэр болов.
44 Саул Давидын эхнэр байсан өөрийн охин Михалыг Галлимаас гаралтай Лаишийн хөвгүүн Палтид өгчээ.