1 Самуел

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31


Бүлэг 24

Саул филистчүүдийг мөшгөн хөөгөөд, буцан ирэхэд нь—Давид одоо Енгедийн цөлд байна гэдгийг мэдэгдэв.
2 Тэгээд Саул бүх Израилиас гурван мянган шилэгдсэн хүнийг авч, Давид болон түүний хүмүүсийг эрж хайхаар Янгирын хаднуудын урдуур явав.
3 Тэрээр замдаа хонины хашаатай газарт ирсэн ба тэнд агуй байсанд Саул бие засахаар тийш оров. Энэ үед Давид болон түүний хүмүүс тэр агуйн мухарт сууцгааж байв.
4 Давидын хүмүүс өөрт нь—ЭЗЭН танд “Харагтун. Би чиний дайсныг гарт чинь өгөх гэж байна. Түүнийг өөрийн дураар болгогтун” хэмээн айлдсан тэр цаг өдөр нь болов гэцгээв. Давид босож Саулын дээлийн хормойг сэмхэн огтолж авав.
5 Үүний дараа Давид Саулын дээлийн хормойноос огтолж авсандаа сэтгэл нь ихэд зовов.
6 Тэрээр хүмүүстээ—ЭЗЭН байгаа тул, ЭЗЭНий тосолсон өөрийн эзэнд би ийнхүү хандан, тэр ЭЗЭНий тосолсон хүн тул түүний эсрэг гараа сунгасан ийм хэрэг надаас хол байг хэмээн өгүүлэв.
7 Давид ингэж өгүүлээд хүмүүсээ ятган, Саул уруу дайрахыг тэдэнд зөвшөөрсөнгүй. Саул ч босож, агуйгаас гарч, замдаа гарав.
8 Үүний дараа Давид босож, агуйгаас гарч, Саулын араас дуудан—Эзэн хаан минь! гэв. Саулыг эргэж харахад Давид нүүрээрээ газарт хүртэл мэхийн, сунан мөргөв.
9 Давид Саулд—Та юунд “Давид таныг хорлох гэж байна” гэж хэлдэг хүмүүсийн үгэнд итгэж байгаа юм бэ?
10 Үнэндээ өнөөдөр энэ агуйд ЭЗЭН таныг миний гарт өгснийг энэ өдөр та харсан билээ. Зарим маань таныг алъя хэмээсэн боловч би таныг өрөвдөж, “Би өөрийн эзний эсрэг гар сунгахгүй, учир нь тэр бол ЭЗЭНий тосолсон хүн” хэмээн өгүүлсэн билээ.
11 Эцэг минь, миний гарт байгаа өөрийнхөө дээлийн хормойг сайн харагтун. Учир нь би таны дээлийн хормойг огтолж авсан боловч таныг алаагүй энэ зүйлээр надад хорон санаа, тэрслэх байдал байхгүй бөгөөд би танд нүгэл үйлдээгүй гэдгийг лавтай мэдэгтүн. Тийм атал та миний амийг авахаар эрж байна.
12 ЭЗЭН та бид хоёрыг шүүж, ЭЗЭН танаас өшөөг минь авах болтугай. Харин миний гар таны эсрэг байхгүй.
13 Эртний цэцэн үгэнд “Нүгэлтнээс нүгэл гардаг” гэдэг билээ. Харин би танд гар хүрэхгүй.
14 Израилийн хаан хэний араас ирсэн бэ? Та хэнийг хөөн мөшгөж байна вэ? Энэ чинь үхсэн нохой, нэг бөөсний араас хөөсөнтэй адил.
15 Тийм учраас ЭЗЭН шүүгч болж, та бид хоёрын хоорондохыг шийдэж, Тэр миний гомдлыг хараад шийдэж, таны гараас намайг аврах болтугай хэмээн өгүүлэв.
16 Давид Саулд ингэж хэлсний дараа Саул—Давид хүү минь, энэ чиний дуу юу? гээд, эхэр татан чангаар уйлав.
17 Тэр Давидад—Чи надаас илүү зөвт байна. Учир нь чи надад сайн хандаж байтал би чамд муу хандав.
18 Чи надад сайныг үйлдэж байсныг, мөн ЭЗЭН намайг чиний гарт тушаасан атал чи намайг алсангүй гэдгээ өнөөдөр надад мэдүүллээ.
19 Өөрийн дайсныг олсон хүн түүнийг зүгээр суллан тавих уу? Тийм учраас чиний өнөөдөр надад үйлдсэн хэргийн төлөө ЭЗЭН чамайг сайн сайхнаар шагнах болтугай!
20 Харагтун, чи заавал хаан болж, чиний гарт л Израилийн хаанчлал тогтоно гэдгийг би лавтай мэднэ.
21 Миний дараа үлдэх миний үр удмыг чи устгахгүй, миний нэрийг миний эцгийн гэрээс таслахгүй гэдгийг ЭЗЭНээр надад тангараглагтун хэмээн өгүүлэв.
22 Давид үүнийг Саулд тангараглав. Саул өөрийн гэртээ буцаж, харин Давид болон түүний хүмүүс бэхлэлт уруу явав.