Даниел
Бүлэг 8
Белшазар хааны ноёрхлын гурав дахь жилд, анхны үзэгдлээс хойш Даниел надад дахин нэгэн үзэгдэл үзэгдэв.
2 Би үзэгдлийг үзэж байхдаа Елам аймгийн Суса цайзад байсан. Би өөрөө үзэгдэл дотор Улаи голын эрэгт байв.
3 Би нүдээ дээшлүүлэн харахад, голын эрэг дээр хоёр эвэртэй хуц зогсож байв. Хоёр эвэр урт байсан боловч хожим ургасан эвэр нь нөгөөгөөсөө илүү урт бөлгөө.
4 Намайг харахад тэр хуц баруун, хойд, өмнө зүг уруу мөргөж байсан бөгөөд түүнийг дийлэх өөр араатан нэг ч үгүй, мөн түүний хүчнээс аврах хэн ч байхгүй, харин тэрээр хүссэнээ хийж, өөрийгөө өргөмжлөв.
5 Би үүнийг ажиглаж байтал нэгэн ухна баруун зүгээс, бүх дэлхийг тойрон хөл нь газар хүрэлгүй ирэв. Ухны нүдний хооронд нэг онцгой эвэр байв.
6 Голын эрэг дээр зогсож байхад нь миний харсан хоёр эвэртэй хуц уруу тэрээр ойртож, хүчтэй уур хилэнгээр түүн уруу дайрав.
7 Тэрээр өнөөх хуцанд ойртож ирэхийг би харсан. Ухна түүнд хилэгнэсэн байлаа. Тэрээр түүнийг мөргөж, хоёр эврийг нь хугалсан бөгөөд хуц түүнийг эсэргүүцэх хүчгүй байв. Ухна хуцыг газар чулуудаж, дээр нь гишгэчсэн бөгөөд хуцыг ухны хүчнээс аврах хэн ч байхгүй байлаа.
8 Тэгээд ухна өөрийгөө онцгой өргөмжиллөө. Гэвч тэрээр хүчирхэг болмогц том эвэр нь хугаран унаж, оронд нь онцгой дөрвөн эвэр тэнгэрийн дөрвөн салхийг чиглэн ургав.
9 Тэдгээрийн доторх нэг эврээс нэгэн жижиг эвэр гарч, өмнө, дорно зүг ба Үзэсгэлэнт Орныг чиглэн онцгой том болов.
10 Тэрээр тэнгэрийн цэрэгт хүрэхээр ургаж, цэргүүд хийгээд оддын заримыг газарт унагаж, уландаа гишгэв.
11 Тэрээр өөрийгөө тэнгэрийн цэргийн Жанжинтай адил болгохоор өргөмжилж, Түүнээс өдөр бүрийн тахилыг холдуулж, Түүний ариун газрыг сүйтгэв.
12 Нүглээс болж тэнгэрийн цэргүүд өдөр бүрийн тахилын хамтаар эвэрт өргөгдөх болно. Эвэр үнэнийг газар хаяж, дураараа авирлан, амжилт олсоор байх болно.
13 Тэгээд би нэгэн ариун хүний өгүүлэхийг сонсов. Мөн өгүүлж буй ариун хүнд өөр нэгэн ариун хүн—Ариун газар болон тэнгэрийн цэргүүд хоёрыг гишгэгдэхийг зөвшөөрүүлэхийн тулд нүгэл айдсыг төрүүлсээр байхад өдөр бүрийн тахилын тухай энэхүү үзэгдэл хэдий болтол үргэлжлэх вэ? гэв.
14 Тэрээр надад—Хоёр мянга гурван зуун өглөө ба үдшийн туршид. Тэгсний дараа ариун газар зохистойгоор дахин сэргээгдэнэ гэв.
15 Даниел би энэ үзэгдлийг үзээд, түүний утгыг ойлгохоор хайв. Харагтун, хүн шиг дүрстэй нэгэн миний өмнө зогсож байв.
16 Улаи голын эргийн дундаас хүний дуу гарч, тэрээр дуудаж,—Габриел аа. Энэ хүнд үзэгдлийг тайлбарла гэхийг би сонсов.
17 Тэгээд тэр миний зогсож байсан газарт дөхөж ирсэнд, би айж, нүүрээрээ газар унав. Тэр надад—Хүний хүү, энэ үзэгдэл төгсгөлийн цагт хамаарч байгаа гэдгийг ойлгогтун гэв.
18 Түүнийг надтай ярьж байх зуур, би нүүрээ газарт нааж, гүн нойронд автав. Гэвч тэр надад гараа хүргэж, намайг цэх шулуун босгосон.
19 Тэрээр—Харагтун, хилэнгийн сүүлчийн цагт юу болохыг би чамд мэдэгдэх гэж байна. Учир нь энэ үзэгдэл төгсгөлийн тогтоогдсон цагт хамаарч байна.
20 Чиний үзсэн хоёр эвэртэй хуц бол Меде болон Персийн хаадыг төлөөлж байна.
21 Үс ихтэй ухна бол Грекийн хаанчлалыг төлөөлж байгаа бөгөөд нүднийх нь хоорондох том эвэр бол түүний анхны хаан бөлгөө.
22 Хугарсан эвэр болон оронд нь ургасан дөрвөн эвэр бол тэр үндэстнээс боссон боловч анхных шиг хүчтэй байгаагүй дөрвөн хаанчлалыг төлөөлж байна.
23 Эдгээрийн ноёрхлын төгсгөл үед нүгэлтнүүд илүү харгис болох үед,ичгүүргүй, нууц явуулгад гарамгай нэгэн хаан гарч ирнэ.
24 Тэр өөрийнхөө хүчээр бус, агуу хүчтэй болно.Тэр асар их хэмжээгээр эвдэж, амжилт олон дураараа дургих болно.Тэрээр хүчтэнүүдийг болон ариун хүмүүсийг сөнөөнө.
25 Тэрээр хэрсүү ухаанаараа хууран мэхлэлтийг хөгжүүлэхэд нөлөөлнө.Тэрээр зүрх сэтгэлдээ бардамнаж,Амар тайван байхад нь олон хүнийг сүйтгэх болно.Тэрээр бүр Жононгуудын Жононг эсэргүүцэн босох боловчХүний гарын оролцоогүйгээр сөнөх болно.
26 Дээр өгүүлсэн өглөө ба үдшийн тухай үзэгдэл бол үнэн.Харин энэ үзэгдлийг нууцлан хадгал.Учир нь энэ нь ирээдүй дэх олон хоногт хамаарнагэв.
27 Дараа нь Даниел би эцэж, хэдэн өдөр өвдлөө. Тэгээд дахин босож, хааны албыг хашсан. Гэвч би үзэгдлийн талаар их гайхсан бөгөөд түүний учрыг тайлбарлах хэн ч байгаагүй.