Даниел
Бүлэг 11
—Меде хүн Дариусын анхдугаар жилд би түүнийг зоригжуулагч болон хамгаалагч болохын тулд боссон.
2 Одоо би чамд үнэнийг хэлье. Харагтун, Перст гурван өөр хаан босож, дараа нь тэд бүгдээс хамаагүй илүү баялагтай дөрөв дэх хаан гарч ирнэ. Тэрээр эд хөрөнгөөрөө хүчтэй болмогцоо, бүхэл хаант улсыг Грекийн ноёрхлын эсрэг болгож өдөөнө.
3 Хүчирхэг хаан гарч, агуу их эрх мэдлээр захирч, өөрийн хүссэн зүйлээ үйлдэх болно.
4 Харин түүнийг оргилдоо хүрмэгц, хаанчлал нь нураагдаж, ертөнцийн дөрвөн зүгт хуваагдана. Энэ нь түүний үр удамд хүртэхгүй, түүний олж авсан эрх мэдлийн дагуу ч хуваагдахгүй, мөн түүний улс гүрэн үндсээрээ таслагдаж, бусдад очно.
5 Дараа нь Өмнө зүгийн хаан өөрийн жононгуудын нэгэнтэй хамт хүчтэй болох бөгөөд тэр жонон түүнээс илүү хүчтэй болж эрх мэдлийг олно. Түүний эрх мэдэл үнэхээр агуу их болно.
6 Хэдэн жилийн дараа тэд түншилж, Өмнө зүгийн хааны охин эвийн гэрээ байгуулахын тулд Умард зүгийн хаанд очно. Харин гүнж хүчээ ч хадгалахгүй, хаан ч мөн хүчээ үлдээхгүй. Харин тэр өдрүүдэд гүнж болон түүнийг авчрагч, түүний эцэг, түүнийг дэмжигчид бүгд хороогдоно.
7 Харин гүнжийн удам угсааны нэг хүн оронд нь гарч ирээд, Умард зүгийн хааны цэргийн эсрэг босож, цайзад нь цөмрөн орж, тэдний эсрэг байлдаж хүчээ харуулна.
8 Тэгээд тэдний бурхад, мөн төмөр шүтээн, нандин алт мөнгөн савнуудыг тэрээр Египет уруу олзлон аваачиж, хэдэн жилийн туршид Умард зүгийн хааныг дайрахгүй.
9 Дараа нь Умард зүгийн хаан Өмнө зүгийн хааны эзэмшил нутагт нэвтрэн орох боловч өөрийн нутагтаа буцна.
10 Түүний хөвгүүд дайнд бэлтгэж, асар олон цэргийг тоо томшгүйгээр цуглуулна. Тэдгээрийн нэг нь үерийн ус шиг бууж ирээд, хальж, Өмнө зүгийн хааны бат цайзыг хүртэл дахин довтолно.
11 Өмнө зүгийн хаан хилэгнэн уурлаж, Умард зүгийн хаантай тулалдахаар очно. Умард зүгийн хаан тоо томшгүй их цэргийг цуглуулах боловч, тэдгээр нь Өмнө зүгийн хааны гарт автагдана.
12 Тоо томшгүй цэргийг олзолсны дараа, Өмнө зүгийн хааны зүрх омог дээрэнгүй болж, түм түмээр устгах боловч ялалтад хүрэхгүй.
13 Учир нь Умард зүгийн хаан дахин урьдынхаас илүү олон цэргийг цуглуулж, хэдэн жилийн дараа бүрэн зэвсэглэсэн их цэрэгтэйгээ дахин довтолно.
14 Тэр үед олон хүн Өмнө зүгийн хааны эсрэг босно. Чиний ард түмний дундаас тэрслүү хүмүүс үзэгдлийг биелүүлэх гэж өөрсдийгөө өргөмжлөх боловч тэд унах болно.
15 Тэгээд Умард зүгийн хаан ирж, бүслэлтийн овоо босгож, бат бэхлэгдсэн хотыг эзлэн авна. Өмнө зүгийн хүчнүүд буюу шилдэг цэргүүд нь хүртэл түүнийг дийлж чадахгүй. Учир нь эсэргүүцэх хүч хүрэхгүй байх болно.
16 Харин эсрэг ирэх хэн ч болов дураараа авирлах бөгөөд түүнийг дийлэх чадалтай хүн олдохгүй. Тэрээр гартаа хоосролыг барин Үзэсгэлэнт Оронд хэсэг зуур байх болно.
17 Тэрээр бүхэл хаанчлалынхаа хүчийг барин ирж, эв найрамдлын гэрээг хэрэгжүүлэн, улсыг нь сөнөөхийн тулд түүнд эмэгтэйн охиныг өгнө. Гэвч тэр нь түүнд туслахгүй, түүний талд ч орохгүй.
18 Дараа нь тэрээр нүүрээ далайн арлууд уруу хандуулж, тэднээс олныг эзлэн авна. Харин нэгэн жанжин нь түүний зэвүүцлийг зогсоож, зэвүүцлийг нь өөрийнх нь эсрэг эргүүлнэ.
19 Ингээд тэр өөрийн улсын цайзууд уруу нүүрээ эргүүлэх боловч, бүдэрч унан, дахин харагдахгүй болно.
20 Дараа нь түүний оронд гарч ирэх нэгэн өөрийн хаанчлалын Эрдэнэ уруу дарлагчдыг явуулах болно. Гэсэн ч хэдэн өдрийн дараа хилэнгээр юм уу, дайны талбарт бус тэрээр алагдана.
21 Түүний оронд хаанчлахын хүндэтгэлийг олоогүй жигшүүрт хүн гарч ирэх боловч тэрээр амар амгалангийн цагт ирж, нууц явуулгаар хаанчлалыг хүлнэ.
22 Үерийн ус шиг халих хүчнүүд түүний өмнө хамагдан цохигдож, гэрээний жонон ч мөн устгагдана.
23 Түүнтэй гэрээ хэлэлцээр байгуулсны дараа тэрээр мэхэлсээр байх бөгөөд бага ард түмнээр их хүчийг олно.
24 Амар амгалангийн цагийг далимдуулж тэрээр ноёрхлын хамгийн баян газарт нэвтрэн орж, эцгүүдийнхээ болон өвөг дээдсийнхээ хийгээгүй зүйлийг гүйцэлдүүлнэ. Тэрээр дээрэмдэн булааж авсан, олзолж авсан зүйлс ба эд баялгийг өөрийн хүмүүст тарааж өгнө. Тэр хуйвалдаанаараа цайзуудыг эзлэх боловч энэ нь хэсэг зуур л явагдана.
25 Тэрээр их цэргийг дагуулан, өөрийн сүр хүч болон сэтгэл зоригийг Өмнө зүгийн хааны эсрэг илэрхийлнэ. Өмнө зүгийн хаан ч дайтахаар ихэд олон, маш хүчтэй цэргийг бэлтгэх боловч түүний эсрэг гарсан хуйвалдаануудаас болж дийлж чадахгүй.
26 Түүний шилмэл идээг хүртэгсэд өөрийг нь хөнөөж, түүний цэрэг бутрах боловч олон хүн алагдана.
27 Хоёр хаан сэтгэлдээ бузрыг тээж, нэг ширээнд сууж байхдаа бие биендээ худал хэлнэ. Харин тэр нь амжилтад хүрэхгүй. Яагаад гэвэл эцэс нь тогтоогдсон цагт ирэх болно.
28 Тэгээд тэрбээр их олз баялагтай нутаг уруугаа буцах болно. Харин түүний зүрх сэтгэл ариун гэрээний эсрэг байх бөгөөд тэрээр үйлдлээ хийгээд, нутагтаа буцна.
29 Тогтоогдсон цагт тэрээр буцаж ирэн, Өмнө зүг уруу явах боловч энэ удаагийн аян нь өмнөхтэй нь адилгүй байна.
30 Учир нь Киттимийн хөлөг онгоцнууд түүний эсрэг дайрна. Тийм учраас тэрээр зүрх алдан буцаж, ариун гэрээнд хилэгнэн, үйлдлээ хийнэ. Тэрээр буцаж ирээд ариун гэрээг үл ойшоогчдыг дээдэлнэ.
31 Түүний цэргүүд босож, ариун газрын цайзыг бузарлаж, өдөр бүрийн тахилыг хориглоно. Тэд хоосролын бузар юмыг тогтоож тавина.
32 Тэрээр гэрээнд тэрслэгчдийг ялдам үгсээр бурхангүй байдалд эргүүлнэ. Харин өөрийн Бурханыг мэдэгч ард түмэн хүчирхэг болж, үйлдэл хийнэ.
33 Ард түмний дундаас хэрсүү ухаантнууд олон хүнд ойлголтыг өгөх боловч тэд олон өдрийн туршид сэлмийн ирэнд унаж, галын дөлөнд шатаагдаж, олзлогдон тонуулна.
34 Тэд доройтон унах үедээ бага зэрэг л тусламж авна. Олон хүмүүс хоёр нүүр гарган тэдэнтэй нэгдэнэ.
35 Хэрсүү ухаантай зарим нь доройтон унах боловч энэ нь тэд эцсийн цаг хүртэл цэвэрлэгдэж, ариусгагдаж, шинэчлэгдэхийн тулд юм. Учир нь тогтоогдсон цаг хараахан болоогүй байна.
36 Тэгээд нэг хаан хүссэнээ хийж, өөрийгөө аливаа бурхнаас илүү дээдлэн өргөмжилж, бурхдын Бурханы эсрэг доромжлолыг ярих болно. Уур хилэн зогсох хүртэл тэрээр амжилт олно. Учир нь тогтоогдсон зүйл биелэгдэх болно.
37 Тэрээр өвөг дээдсийнхээ бурхад, эмэгтэйчүүдийн хүсэмжилсэн зүйлс болон бусад ямар ч бурхдыг үл хүндэтгэнэ. Тэрээр өөрийгөө л тэр бүхнээс дээгүүр өргөмжилнө.
38 Харин оронд нь тэрээр бат бэх цайзуудын бурхныг буюу эцэг өвгөдийнхөө мэддэггүй байсан бурхныг алт, мөнгө, үнэт чулуу, эрдэнэсээр тахин хүндэтгэнэ.
39 Тэрээр харийн бурхны тусламжтайгаар хамгийн бат цайзуудын эсрэг довтолно. Өөрийг нь хүлээн зөвшөөрөгчдөд тэрбээр агуу хүндэтгэл үзүүлж, тэднээр олон түмнийг захируулж, шагнал болгон тэдэнд газрыг хувааж өгнө.
40 Эцсийн цагт Өмнө зүгийн хаан түүнтэй мөргөлдөх бөгөөд Умард зүгийн хаан тэрэг, морьт цэрэг болон олон хөлөг онгоцоор шуурга мэт түүний эсрэг дайрна. Тэрээр олон улсад халдаж, үерийн ус шиг халин өнгөрнө.
41 Тэрээр бас Үзэсгэлэнт Оронд нэвтрэн орох бөгөөд олон улсыг устгана. Харин Едом, Моаб болон Аммоны хөвгүүдийн шилдэг хүмүүс түүний гараас аврагдана.
42 Дараа нь тэрээр бусад улсуудын эсрэг гараа сунгах бөгөөд Египет ч түүний гараас мултарч үл чадна.
43 Харин тэрээр нууцлагдсан алт, мөнгө болон Египетийн бүх үнэт эрх мэдлийг гартаа авна. Ливичүүд ба етиопчууд түүний хөлийн дор мөлхөцгөөх болно.
44 Гэвч Дорно ба Умард зүгээс ирсэн цуу үгс түүнийг зовоох бөгөөд тэрээр олон түмнийг хядаж устгахаар уур хилэнтэйгээр гарах болно.
45 Тэрээр тэнгис ба үзэсгэлэнт Ариун Уулын дунд өөрийн ноёрхлын танхимын цацрыг босгоно. Харин түүний төгсгөл ирэх бөгөөд хэн ч түүнд туслахгүй.