Даниел
Бүлэг 7
Вавилоны хаан Белшазарын нэг дэх жилд Даниел хэвтэж байхдаа орондоо зүүд зүүдэлж, оюун ухаан дотроо үзэгдэл харав. Тэрээр зүүдээ бичиж үлдээн, доорх зүйлсийг ярив.
2 Даниел—Шөнө би үзэгдэл харж байхад, тэнгэрийн дөрвөн салхи их далайг оволзуулж байв.
3 Өөр хоорондоо адилгүй дөрвөн аварга араатан далайгаас гарч ирэв.
4 Эхнийх нь арслан шиг бөгөөд бүргэдийн жигүүртэй бөлгөө. Түүний жигүүрүүд таслагдаж, тэрээр газраас хөөрөн босоод, хүн шиг хоёр хөл дээрээ зогсох хүртэл би харсаар байлаа. Түүнд хүний оюун ухаан өгөгдөв.
5 Харагтун, дараагийн хоёр дахь араатан нь баавгай шиг төрхтэй байв. Тэр хажуулдан босож байсан бөгөөд аман дотор нь, шүднийх нь завсар гурван хавирга зуусан байв. Тэд түүнд “Босоод, их мах ид” гэв.
6 Үүний дараа би харсаар байтал, харагтун ирвэс шиг өөр нэгэн араатан нуруундаа шувууны дөрвөн далавчтай байв. Тэр араатан бас дөрвөн толгойтой байсан ба түүнд эрх мэдэл өгөгдөв.
7 Үүний дараа би шөнийн үзэгдэлдээ цааш харвал дөрөв дэх араатан нь аймшигтай, айдас төрүүлмээр асар хүчтэй байлаа. Тэр нь том төмөр шүдтэй байв. Тэр нь залгиж, эвдэж, үлдсэнийг нь хөлөөрөө гишгэв. Энэ нь урьд байсан бусад бүх араатнуудаас ялгаатай бөгөөд арван эвэртэй байв.
8 Би тэдгээр эврүүдийг ажиглаж байтал тэдний дундаас өөр нэгэн жижиг эвэр ургаж, түрүүчийн эврүүдээс гурав нь түүний өмнө үндсээрээ булгарав. Харагтун, энэ жижиг эвэр хүний нүд шиг нүдтэй бөгөөд ихээр бардамнан ярих амтай болов.
9 Намайг харсаар байтал сэнтийнүүд тавигдаж,Эртний Нэгэн Өөрийн суудалд залрав.Түүний хувцас цас шиг цагаан,Түүний толгойн үс нь цэвэр ноос шиг байв.Түүний сэнтий галын дөл шиг,дугуйнууд нь дүрэлзсэн гал шиг байв.
10 Түүний өмнөөс галтай мөрөн гарч ирэн урсав.Үй түмээрээ Түүнд үйлчилж,Үй түмээрээ Түүний өмнө зогсоцгоож байлаа.Шүүлт эхлэн, номууд дэлгэгдэв.
11 Эврийн ярьж буй бардам үгсийн дуунаас болж би харсаар байлаа. Араатан алагдаж, түүний бие нь устгагдан, дүрэлзсэн галд хаягдах хүртэл би харсаар байлаа.
12 Үлдсэн араатнуудын хувьд гэвэл тэдний эрх мэдэл булаагдсан боловч товлосон цаг иртэл тэдний амь хэлтрэв.
13 Би шөнийн үзэгдлийг харсаар байсан бөгөөд,Харагтун, Хүний Хүү шиг Нэгэн тэнгэрийн үүлсийг хөлөглөн ирж,Тэрээр Эртний Нэгэнд очоод, Түүнд бараалхав.
14 Түүнд эрх мэдэл, сүр жавхлан ба хаанчлал өгөгдөж,Бүх ард түмэн, үндэстэн, бүх хэлтэн Түүнд үйлчлэв.Түүний ноёрхол үүрдийн ноёрхол бөгөөд өнгөрөн одохгүй.Түүний хаанчлал нь устахгүй хаанчлал юм.
15 Харин Даниел би сэтгэл дотроо шаналж, миний оюун бодол доторх үзэгдлүүд намайг түгшээсээр байлаа.
16 Би хажууд зогсогчдын нэгэнд дөхөж очоод, түүнээс энэ бүх явдлын үнэн учрыг асууж эхэллээ. Тэр надад эдгээр зүйлийн учрыг тайлбарлаж хэлэв.
17 “Энэ дөрвөн аварга араатан бол газраас босох дөрвөн хаан юм.
18 Харин Дээдийн Дээд Нэгэний ариун хүмүүс хаанчлалыг авч, ирэх бүх үеийн турш үүрд эзэмшинэ” гэв.
19 Дараа нь бусад араатнуудаас ялгаатай, нэн аймшигтай, төмөр шүдтэй, хүрэл хумстай, залгилж, буталж, үлдсэнийг нь хөлөөрөө гишгэсэн дөрөв дэх араатны үнэн учрыг мэдэхийг би хүссэн.
20 Мөн түүний толгойн арван эвэр болон өмнө нь анхныхаас гурван эвэр унасан өөр нэг эвэр буюу нүдтэй, агуу их бардам үг хэлдэг амтай, гадна төрхөөрөө бусдаасаа илүү том харагдсан эвэр зэргийн учрыг мэдэхийг хүслээ.
21 Намайг харсаар байхад тэр эвэр ариун хүмүүстэй тулалдан дайтаж, тэднийг дийлж байсан бөгөөд
22 Эртний Нэгэн ирж, Дээдийн Дээд Нэгэний ариун хүмүүсийн төлөө шүүлт явуулж, ариун хүмүүс хаанчлалыг залгамжлах цаг ирэх хүртэл энэ зүйл үргэлжилсэн юм.
23 Тэрээр ийн хэлжээ. “Дөрөв дэх араатан бол газар дээрх дөрөв дэх хаанчлал байх бөгөөд тэр нь бусад бүх хаанчлалаас ялгаран, бүх дэлхийг залгиж, талхалж, эвдэх болно.
24 Арван эвэр бол тэр хаанчлалаас босох арван хаан юм. Тэдний дараа урьд нь байгсдаас ялгаатай, өөр нэгэн хаан босоод гурван хааныг дарах болно.
25 Тэрээр Хамгийн Дээд Нэгэний эсрэг ярьж, Дээдийн Дээд Нэгэний ариун хүмүүсийг дийлэх болно. Тэрээр цаг үе болон хуульд өөрчлөлт оруулахыг оролдох болно. Ариун хүмүүс нэг цаг үе, цаг үеүд, хагас цаг үеийн турш түүний гарт тушаагдана.
26 Харин шүүлт эхлэх бөгөөд түүний эрх мэдэл булаагдаж, бүрмөсөн устгагдаж мөнхөд сөнөнө.
27 Тэгээд бүхэл тэнгэрийн доорх хамаг хаанчлалын дээд засаг, эрх мэдэл болон агуу байдал нь Дээдийн Дээд Нэгэний ариун хүмүүсийн ард түмэнд өгөгдөх болно. Түүний хаанчлал нь үүрдийн хаанчлал байх бөгөөд бүх эрх мэдлүүд Түүнд үйлчилж, захирагдан дагах болно” гэв.
28 Үүгээр илчлэлт дуусав. Даниел, миний бодлууд намайг ихэд түгшээж, царай минь цонхийсон боловч энэ явдлыг би дотроо хадгалав.