Исаиа
Бүлэг 5
“Би одоо хайртдаа зориулж,Түүний усан үзмийн талбайн тухай хайртынхаа дууг дуулъя.Миний хайрт маш үржил шимтэй гүвээн дээр усан үзмийн талбайтай байсан юм.
2 Тэр эргэн тойрныг нь малтаж,чулуунуудыг нь зайлуулаад,шилмэл усан үзмийг суулгаж,талбайн голд цамхаг босгоод,түүний дотор усан үзмийн шахуурга суулгаж гэнэ.Тэгээд Тэр сайхан усан үзэм гарна гэж хүлээж байтал зэрлэг жимс ургажээ.
3 Одоо Иерусалимын оршин суугчид,Иудагийн эрчүүд ээ!Би болон Миний усан үзмийн талбайн хоорондохыг шүүгтүн!
4 Усан үзмийн талбайдаа Миний хийгээгүй өөр юуг Би хийх ёстой байсан юм бэ?Сайн усан үзэм гарна гэж Би хүлээж байхад яагаад зэрлэг жимс гарсан бэ?
5 Одоо Би Өөрийн усан үзмийн талбайд юу хийх гэж байгаагаа та нарт өгүүлье.Би түүний хайс шивээг авч хаяад, шатаана.Би ханыг нь нурааж талхлагдсан газар болгоно.
6 Би талбайг эзгүйрүүлэн хаяад,тайрч арчлахгүй, зээтүүдэхгүй.Харин өргөст бут, үүргэнэ ургана.Түүн дээр бороо бүү оруул гэж Би үүлэнд тушаана”.
7 Яагаад гэвэл түмэн цэргийн ЭЗЭНий усан үзмийн талбай бол Израилийн гэр,Түүний таалан соёрхдог ургамал нь Иудагийн эрчүүд юм.Тэр шударга үнэнийг эрсэн боловч, цус урсгахыг үзэв.Зөвийг эрсэн боловч, зовлонт дууг сонсжээ.
8 Ямар ч зайгүй болтол нь байшин дээр байшин нэмж,талбайг талбайтай нь нийлүүлэгчид гаслантай яа!Та нар газрын дунд ганцаараа амьдрах гэж ингэжээ.
9 Миний чихэнд түмэн цэргийн ЭЗЭН“Үнэхээр, олон байшингууд хоосорч,том сайхан нь хүртэл эзэнгүй болно.
10 Усан үзмийн арван акр газар нэг бат дарс гаргаж,нэг омер үр нь нэг ефа тариа ургуулна” гэж тангараглав.
11 Хатуу архины хойноос хөөцөлдөн өглөө эрт босон,дарсанд цохиултлаа үдэш орой болтол байгчид гаслантай яа!
12 Тэдний найр нь лир, босоо ятга,хэнгэрэг, лимбэ,дарсаар хөгжинө.Гэвч тэд ЭЗЭНий үйлсийг үл анхаарч,Түүний мутрын ажлыг тунгааж бодохгүй.
13 Миний ард түмэнд мэдлэг дутсанаас болж тэд цөлөгдөн,тэдний хүндэт хүмүүс нь өлсөж,олон түмэн нь цангаж зовно.
14 Тиймээс Үхэгсдийн орон хоолойгоо өргөсгөн,амаа хязгааргүй ангайлгав.Иерусалимын сүр жавхлан,олон түмэн,түүний дуу чимээ,хөгжил,баясал тийшээ бууна.
15 Хүн номхтгогдож,хүн басамжлагдана.Бардам хүний нүд ч басамжлагдана.
16 Гэвч түмэн цэргийн ЭЗЭН шүүхээр өргөмжлөгдөж,ариун Бурхан ариун байдлаа үнэн зөв дотор үзүүлнэ.
17 Хурганууд өөрийн бэлчээрт байгаа шиг идээшилж,баячуудын орхисон газарт харийнхан хооллоно.
18 Худал хуурмагийн аргамжаар шударга бус явдлыг авчирч,тэрэгний татлагаар нүглийг татагчид гаслантай яа.
19 “Тэр түргэн хийж,Өөрийн ажлаа яаравчлаг.Бид үзмээр байна.Израилийн Ариун Нэгэний зорилго ойртон өнгөрөх болтугай.Бид мэдмээр байна” гэж өгүүлэгчид гаслантай яа!
20 Мууг сайн, сайныг муу гэж нэрлэгчид,харанхуйг гэрэл, гэрлийг харанхуйгаар солигчид,гашууныг амттай, амттайг гашуунаар орлуулагчид гаслантай яа!
21 Өөрийнхөө нүдэнд мэргэн болж,өөрсдийнхөө бодолд ухаалаг байгчид гаслантай яа!
22 Дарс уухдаа баатар,хатуу архи найруулахдаа зоригтой байгчид гаслантай яа!
23 Хахуулиас болж нүгэлтнийг зөвтгөж,шударга хүмүүсийн зөв байдлыг зайлуулагчид гаслантай яа!
24 Тийм учраас галын хэл сүрлийг түймэрдэн,галын дөлд хуйхлагдахын адил,тэдний үндэс нь өмхөрсөнмэт болж, тэдний цэцэг нь тоос шиг хийснэ.Учир нь тэд түмэн цэргийн ЭЗЭНий хуулийг үл тоомсорлон,Израилийн Ариун Нэгэний үгийг үзэн ядсан.
25 Үүний улмаас ЭЗЭНий уур хилэн Өөрийн ард түмний эсрэг шатаж,тэдний эсрэг мутраа сунгаж,тэднийг цохиж унагав.Уул хөдлөн,тэдний хүүр нь гудамжнуудын голд хог хаягдал мэт хэвтэнэ.Үүгээр Түүний уур хилэн эргэсэнгүй,Тэр мутраа сунгасан хэвээр байна.
26 Тэр бас алс холын үндэстэн уруу туг өргөж,газрын мухраас тэдэн уруу исгэрнэ.Харагтун. Тэд үтэр түргэн ирнэ.
27 Тэдний дотроос хэн ч ядарч бүдрэхгүй,нэг ч хүн дуг хийхгүй, унтахгүй.Тэдний ууцан дахь бүснүүд тайлагдахгүй.Нэг ч хүний гутлын үдээс нь тасрахгүй.
28 Тэдний сум нь хурц,нум нь хөвчилсөн,морьдын туурай нь цахиур мэт,тэрэгний мөөр нь хуй салхи мэт ажээ.
29 Тэдний хүрхрэх нь эм арслан мэт ажээ.Тэд залуу арслангууд шиг архирч,олзоо шүүрэн авахдаа архирдаг.Тэд олзоо аваад явахад,түүнийг нь хэн ч чөлөөлөхгүй.
30 Тэр өдөр далайн түрхрэлт мэттэд ард түмэн уруу хүрхэрнэ.Хэрэв нэгэн хүн газар уруу харвал тэнд харанхуй,уй гашуу болон гэрэл нь хүртэл үүлээр харанхуйлагдсан нь үзэгдэнэ.