Номлогчийн Үгс
Бүлэг 8
Юмсын учгийг тайлж, мэддэг мэргэн ухаантантай хэн адил юм бэ? Хүний мэргэн ухаан л хүний нүүрийг нь гэрэлтүүлж, баргар дүрийг нь өөрчлөх ажээ.
2 “Бурханы өмнө нэгэнт өргөсөн тангараг бий тул хааны зарлигийг сахигтун!” гэж би хэлнэ.
3 Түүнийг орхих гэж бүү яар. Бузар хэрэгт бүү эвс. Учир нь тэр юу хүссэнээ хийх болно.
4 Хааны зарлиг байгаагаас хойш эрх мэдэл байгаа. “Та юу хийж байна?” гэж түүнд хэн хэлэх юм бэ?
5 Хааны зарлигийг сахигч нь айдас түгшүүргүй амьдардаг. Учир нь мэргэн зүрх зохист цаг ба ёс дүрмийг мэддэг ажээ.
6 Учир нь алив юманд зохист цаг ба ёс дүрэм байх атал хүн өөрөө түүнээс үлэмж нэрвэгдэх ажээ.
7 Юу тохиолдохыг хэрэв нэг ч хүн мэддэггүй юм бол хэзээ энэ нь тохиолдохыг хэн түүнд хэлж чадах билээ?
8 Сүнсээ захирч, түүнийг барьж байлгах эрхтэй хүн нэг ч алга. Үхэх өдрөө ч хүн захирдаггүй биз дээ. Дайн тулааны үед аврал үгүй аж. Бузар муу нь бузар мууг зуршил болгогсдыг үл чөлөөлдөг.
9 Энэ бүхнийг би хараад, өөрийн бодлыг наран доор болж байгаа үйлс бүхэн уруу хандууллаа. Бусдыг хорлох замаар эрх мэдлийг хэрэгжүүлдэг хүн ч байдаг аж.
10 Тэгэхэд би нэг нүгэлтнийг оршуулахыг харсан ба ариун газарт ирж, очиж байхад нь тэд өөрийн үйлсийг хийж байсан хотдоо удалгүй мартагдаж байлаа. Энэ мөн л утгагүй аж.
11 Бузар үйлийн эсрэг ирэх шийтгэл нь тэр дороо ирдэггүй учраас тэдний дунд буй хүмүүний хөвгүүдийн зүрх нь бузар мууг үйлдэхдээ бэлэн байдаг аж.
12 Хэдийгээр нүгэлтэн зуу зуун удаа бузар мууг үйлдэж, амьдрал нь уртассаар байх авч, Бурханаас эмээгч тэр нэгэн, Түүний өмнө нээлттэйгээр хандагч нэгэн нь илүү дээр юм гэдгийг би мэдэв.
13 Гэмт хүн Бурханаас эмээдэггүй учраас түүнд сайн юм үгүй, түүний өдрүүд нь сүүдэр адил уртсахгүй.
14 Нүгэлтэнд тохиолдвол зохих явдал шударга хүнд учирч, шударга хүний хүртвэл зохихыг нүгэлтэн завшдаг утгагүй зүйл газар дээр байх юм. Энэ мөн л утгагүй гэж би хэлнэ.
15 Иймд би тааламжтай байдлыг үнэлэв. Учир хэмээвээс наран доор идэж, ууж, хөгжилдөхөөс өөр сайн зүйл хүнд алга. Наран доор Бурханаас хүнд өгсөн амьдралынх нь өдрүүдийн турш дахь хөдөлмөрт энэ нь дагуул мэт байдаг ажээ.
16 Мэргэн ухааныг танихын тулд, өдөр ч шөнө ч ер унтдаггүй тэр нэгний газар дээр хийдэг хүнд хүчир үүргийг харахын тулд би зүрх сэтгэлээ зориулав.
17 Бурханы бүх үйлсийг би хараад хүн гэгч наран доор үйлдэгддэг бүхнийг ойлгож чадахгүйг мэдлээ. Хэдийгээр мэргэн хүн “Би мэднэ” гэж хэлж болох хэдий ч тэр хүн нээлт хийж үл чадах ба хүн хичээнгүйлэн шаргуу эрж хайгаад ч нээж олохгүй.