Номлогчийн Үгс

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12


Бүлэг 12

Хүнд өдрүүд ирж “Энэ амьдралд жаргал үзсэнгүй” гэж хэлэх тийм жилүүд ирэхээс өмнө залуу насныхаа өдрүүдэд өөрийн Бүтээгчээ санагтун.
2 Тэр үед нар, гэрэл, сар, одод харанхуйлан борооны дараа үүлс эргэн хургадаг.
3 Орон гэрээ хамгаалдаг байсан эр чадал нь хумигдаж, салганадаг болж, цөөхөн хэдэн шүднүүд нь үүрэггүй хоцорч, чи цонхоор харж, уйтгарт автагдах цаг ирнэ.
4 Хаалганы цаадахыг сонсохоо больж, гурилын тээрмийн дуу таны хувьд чимээгүй болж, тахиа донгодоход сэрэх авч, шувуудын жиргээнийг та үл сонсох болно.
5 Өгсүүр газраас зүрхшээж, замаар явах ч аймшигтай санагдаж, толгой тань бууралтаж, бие хаа чинь даагдахгүй болно. Дараа нь мөнхийн гэртээ одоход чинь гашуудагсад гудамжаар алхах болно.
6 Мөнгөн утас тасарч, алтан аяга хэмхрэн, худгийн хүрд тасрах, хувин бутарч унахаас өмнө Түүнийг санагтун.
7 Тэгээд тоос нь урьд байсан газар шороондоо буцаж, сүнс нь үүнийг өгсөн Бурхандаа буцах ажгуу.
8 Номлогч хэлэхдээ “Хоосноос хоосон бөгөөд бүгд хоосон” гэв.
9 Номлогч мэргэн ухаантан байсан бөгөөд ард олныг мэдлэгт сургав. Тэр бүгдийг туршиж, судалснаар олон сургаалт үгсийг цэгцэтгэв.
10 Номлогч онч мэргэн үгсийг эрэлхийлэн байж, үнэний үгсийг зөвөөр нь бичжээ.
11 Мэргэдийн үгс нь болбоос зүү буюу хадаас адил орох бөгөөд тэдгээрийг бичигчид нь нэг л Хоньчноор өгөгдсөн ажгуу.
12 Энэ бүхнээс гадна хүү минь “Их ном зохиоход төгсгөл үгүй ба үлэмж их унших нь биенд халтай” гэдгийг санаж явтугай.
13 Энэ бүхнийг сонордоод, дүгнэхэд Бурханаас эмээж, Түүний тушаалыг дагагтун. Энэ нь хүн бүхэнд хамаарна.
14 Бурхан сайн, муу гэж ялгалгүй нууцлагдсан юмс бүрийг, бүх үйлсийг шүүлтэд аваачих болно.