Естер

1 2 3 4 5 6 7 8 9 10


Бүлэг 9

Хааны тушаал, зарлигийг гүйцэтгэхэд бараг бэлэн болсон арван хоёрдугаар сарын (энэ нь Адар сар юм) арван гурав дахь өдөр, иудейчүүдийн дайснууд тэднийг эзэгнэхээр горилж байсан тэр өдөр энэ нь эсрэгээр эргэж, иудейчүүд өөрсдийг нь үзэн ядагчдыг эзэгнэв.
2 Хаан Ахашверошийн бүх муж даяар иудейчүүд тус тусын хотуудад өөрсдийг нь хорлохыг хүсэгчдэд халдахаар цуглацгаасан бөгөөд хэн ч тэдний эсрэг зогсож чадсангүй. Учир нь тэднээс айх айдас бүх ард түмнийг нөмрөв.
3 Мужуудын бүх амбан захирагч, эрх баригчид, захирагчид болон хааны ажлыг гүйцэтгэж байсан хүмүүс хүртэл иудейчүүдэд туслав. Учир нь Мордехаигаас айх айдас тэднийг нөмөрчээ.
4 Үнэхээр Мордехаи хааны өргөөнд нэртэй цуутай байсан бөгөөд түүний нэр алдар бүх муж даяар түгэн таржээ. Учир нь Мордехаи улам бүр нэртэй цуутай болов.
5 Тийнхүү иудейчүүд бүх дайснуудаа илдний ирээр хүйс тэмтрэн устгав. Тэд өөрсдийнхөө өшөөтнүүдийн эсрэг дураараа үйлдэв.
6 Нийслэл Сусад иудейчүүд таван зуун хүнийг алж устгав.
7 Мөн Паршандата, Далфон, Аспата,
8 Пората, Адалиа, Аридата,
9 Пармашта, Арисаи, Аридаи, болон Ваизата нарыг буюу
10 иудейчүүдийн дайсан Хаммедагийн хүү Хаманы арван хөвгүүнийг алсан боловч тэд олзонд гар эс хүрэв.
11 Тэр өдөр нийслэл Сусад алагдагсдын тоог хаанд мэдээлэв.
12 Тэгээд хаан хатан Естерт—Иудейчүүд нийслэл Сусад таван зуун хүнийг болон Хаманы арван хөвгүүнийг алсан байна. Тэгвэл тэд хааны бусад мужуудад юуг үйлдээд байгаа бол? Одоо чи юуг гуйх вэ? Энэ нь ч бас чамд өгөгдөнө. Чи өөр юуг хүсэх вэ? Түүнийг чинь гүйцэлдүүлэх болно гэв.
13 Тэгэхэд Естер—Хэрэв үүнийг хаан таалбал, өнөөдрийн зарлиг ёсоор үйлдэх нь маргааш мөн Сусад буй иудейчүүдэд зөвшөөрөгдөг. Хаманы арван хөвгүүн ч дүүжлүүрт дүүжлэгдэг гэж хэлэв.
14 Ингээд хаан тийнхүү үйлдэг хэмээн зарлиг болж, зарлиг нь Сусад гарч, Хаманы арван хөвгүүнийг дүүжлэв.
15 Сусын иудейчүүд Адар сарын арван дөрөв дэх өдөр мөн цуглацгаан, Сусад гурван зуун хүнийг алсан боловч эд хөрөнгөнд нь гар хүрсэнгүй.
16 Мөн хааны мужуудын бусад иудейчүүд цуглаж өөрсдийн амиа хамгаалж, дайснуудаасаа ангижран, өөрсдийн өшөөтнүүдээс далан таван мянгыг алав. Гэвч тэд эд хөрөнгөнд нь гар хүрсэнгүй.
17 Энэ нь Адар сарын арван гурав дахь өдөр болсон бөгөөд арван дөрөв дэх өдөр нь тэд амарч, энэ өдрийг найр наадам баярын өдөр болгов.
18 Харин Сусын иудейчүүд тэр сарын арван гурав дахь болон арван дөрөв дэх өдөр цугларч, арван тав дахь өдөр нь амарцгаан, энэ өдрийг найр наадам баярын өдөр болгов.
19 Тиймээс захын хотуудад амьдрагч хөдөө нутгийн иудейчүүд Адар сарын арван дөрөв дэх өдрийг баясах, найр наадам, баяр цэнгээн хийн цайлах, бие биедээ идээний хувийг илгээх амралтын өдөр болгодог.
20 Тэгээд Мордехаи эдгээр явдлыг тэмдэглэж, Ахашверош хааны хол, ойрын бүх мужид амьдрагч бүх иудейчүүдэд захидлуудыг илгээв.
21 (Захидлууддаа тэр) жил бүрийн Адар сарын арван дөрөв дэх өдөр, мөн сарын арван тав дахь өдрийг тэмдэглэхийг үүрэг болгов.
22 Учир нь тэдгээр өдрүүдэд иудейчүүд дайснаасаа ангижирсан ба энэ сар нь тэдний хувьд уй гашуугаас баяр хөөр, гашуудлаас цэнгэлийн өдөр болсон тул тэд энэ хоёр өдрийг найр наадам, баяр цэнгээн, мөн идээний хувийг бие биедээ илгээх болон ядуучуудад бэлэг өгөх өдрүүд болгов.
23 Тийнхүү иудейчүүд өөрсдийн хийж эхэлсэн байснаа болон Мордехаин тэдэнд бичсэн зүйлийг үүрэг болгон авав.
24 Учир нь агаг хүн, Хаммедагийн хүү, бүх иудейчүүдийн дайсан Хаман иудейчүүдийг устгахаар тэдний эсрэг төлөвлөн, тэднийг устган сүйрүүлэхээр Пур буюу шавга орхин шодсон билээ.
25 Гэвч энэ нь хаанд хүрэхэд хаан иудейчүүдийн эсрэг Хаманы санаачилсан хорон муу төлөвлөгөө нь өөрийнх нь толгой дээр буух ёстой гэж үзэн, мөн түүнийг болоод хөвгүүдийг нь дүүжлүүрт дүүжлэх ёстой хэмээн захидлаар тушаав.
26 Тиймээс тэд энэхүү өдрүүдийг Пурын нэрээр Пурим хэмээн нэрлэв. Мөн энэ захидал дахь зааврууд буюу тэд энэ тухайд үзсэн болон тэдэнд тохиолдсон зүйлсээс болж
27 иудейчүүд өөрсдөдөө, өөрсдийн үр удамдаа болон тэдэнтэй нэгдсэн бүхэнд жил бүрийн тогтоосон цаг болоод ёс журмынхаа дагуу энэ хоёр өдрийг тэмдэглэхээ орхигдуулахгүйн тулд заншил болгон тогтоов.
28 Энэ өдрүүдийг үеийн үед гэр бүл, муж болон хот бүр дурсан санаж, тэмдэглэх ёстой. Пуримийн энэ өдрүүд нь иудейчүүдийн дунд тэмдэглэгдэхээ болих ч юм уу, эсвэл тэдний үр удмын дурсамжаас арилах ёсгүй болов.
29 Тэгэхэд Абихаилын охин Естер хатан иудей Мордехаитай хамт бүрэн эрхтэйгээр энэ хоёр дахь захидлыг бичиж, Пуримийн тухай батлав.
30 Тэрээр амар амгалан болон үнэний үгстэй захидлыг Ахашверошийн хаант улсын зуун хорин долоон мужид бүх иудейчүүдэд илгээж,
31 Пуримийн эдгээр өдрийг тогтоосон цагт сахиулав. Энэ нь иудей Мордехаи болон Естер хатан тэдэнд тогтоосончлон мөн Иудейчүүдийн мацаг барих болон гашуудах талаар өөрсдөдөө болон өөрсдийн үр удамдаа заан тогтоосонтой адил тогтоохын тулд юм.
32 Ийнхүү Естерийн зарлиг нь Пуримийн талаар эдгээр заншлуудыг тогтоосон бөгөөд энэ нь номд бичигдэв.