Естер

1 2 3 4 5 6 7 8 9 10


Бүлэг 7

Тэгээд хаан болон Хаман Естер хатантай хамт дарс уухаар ирцгээв.
2 Хоёр дахь өдөр нь найран дээр тэд дарсаа ууж байхдаа хаан Естерт—Хатан Естер, чиний гуйлт юу вэ? Түүнийг чинь чамд өгөх болно. Чи юу хүсэж байна? Хаант улсын тал ч байсан, түүнийг чинь гүйцэлдүүлэх болно гэв.
3 Тэгэхэд хатан Естер ийн хариулав.—Хаантан минь, хэрэв би таны тааллыг олсон бол, хэрэв үүнийг хаан таалбал, гуйлтын минь дагуу миний амийг надад өгөөч, хүсэлтийн минь дагуу миний ард түмнийг надад өгөөч!
4 Учир нь бид, би ч, миний ард түмэн ч устгагдаж, алагдаж, хүйс тэмтрэгдэхээр худалдагдаад байна. Хэрэв бид ердөө эр, эм боолууд болон худалдагдсан бол, энэ нь хааныг уурлуулмаар зүйл биш учир би дуугүй байх байсан.
5 Тэгэхэд Ахашверош хаан Естер хатнаас—Тэр чинь хэн бэ? Ийн үйлдэхийг зүрхлэгч тэр хүн хаана байна вэ? гэж асуув.
6 Естер—Дайсан болон өстөн бол энэ хорон санаат Хаман! гэв. Тэгэхэд Хаман хаан болон хатны өмнө айв.
7 Тэгэхэд хаан хилэгнэн, дарс уухаа больж босоод ордны цэцэрлэг уруу оров. Харин Хаман хатан Естерээс амиа гуйхаар үлдэв. Учир нь хаан түүний эсрэг хор хөнөөлийг тогтоосныг тэр харжээ.
8 Тэгээд хаан ордны цэцэрлэгээс дарс ууж байсан газар уруугаа буцаж ирэхэд Хаман Естерийн хэвтэж байсан буйдан дээр унаж байв. Тэгтэл хаан—Миний ордонд, тэр намайг байхад хатныг бүр хүчирхийлэх нь үү? гэв. Хаан эдгээр үгсийг хэлэхэд тэд Хаманы нүүрийг бүтээв.
9 Тэгэхэд хааны өмнө байсан хааны тайгануудын нэг Харбона—Үзэгтүн! Хаманы байшингийн дэргэд хааны төлөө сайныг өгүүлсэн Мордехаид Хаманы бэлдсэн тавин тохой өндөр дүүжлүүр байна! гэхэд, хаан—Түүн дээр түүнийг дүүжил! гэв.
10 Тийн тэд Хаманыг өөрийнх нь Мордехаид бэлдсэн дүүжлүүрт дүүжлэн, хааны уур хилэн намжив.