Естер
Бүлэг 3
Энэ явдлын дараа хаан Ахашверош нь агаг хүн Хаммедатагийн хүү Хаманыг алба ахиулан, эрх мэдлийг нь түүнтэй хамт буй ноёдоос дээгүүр тогтоон түүнийг дэвшүүлэв.
2 Хааны дааман хаалганы дэргэдэх хааны бүх зарц нар Хаманд хүндэтгэл үзүүлэн бөхийв. Учир нь хаан түүний тухайд тийн зарлигджээ. Харин Мордехаи бөхийсөн ч үгүй, хүндэтгэл үзүүлсэн ч үгүй.
3 Тэгэхэд хааны дааман хаалганы дэргэд байдаг хааны зарц нар Мордехаид—Чи яагаад хааны зарлигийг зөрчинө вэ? гэв.
4 Тэд түүнд өдөр болгон хэлсэн ч Мордехаи тэднийг сонсдоггүй байв. Тиймээс тэд Мордехаин шалтгаан тэсэх эсэхийг харахаар Хаманд мэдүүлэв. Учир нь Мордехаи тэдэнд өөрийгөө иудей хүн хэмээн хэлжээ.
5 Мордехаиг өөрт нь бөхийх ч үгүй, хүндэтгэл үзүүлэх ч үгүй байгааг үзээд Хаман уур хилэнгээр дүүрэв.
6 Гэвч тэр Мордехаид ганцааранд нь халдахыг үл тоомсорлов. Учир нь тэд түүнд Мордехаин ард түмэн нь хэн болохыг хэлсэн учир Хаман Ахашверошийн бүх хаант улсаар тархсан Мордехаин ард түмэн, бүх иудейчүүдийг устгахаар санаархав.
7 Ахашверош хааны арван хоёр дахь жилийн Нисан сар буюу нэгдүгээр сард Хаманы өмнө сар өдрийг товлохоор пур хэмээх шавгыг орхин Адар буюу арван хоёрдугаар сарыг шодов.
8 Тэгээд Ахашверош хаанд Хаман ийн хэлэв.—Таны хаанчлалын бүх мужын ард түмнүүдийн дунд тарж сарнисан нэгэн үндэстэн байна. Тэдний хууль нь бусад ард түмнүүдийн хуулиудаас өөр бөгөөд тэд хааны хуулиудыг сахидаггүй юм. Тиймээс тэднийг байлгах нь хаанд тустай бус болой.
9 Хэрэв хаан үүнийг таалбал, тэднийг устгах зарлиг гаргатугай. Тэгээд би арван мянган мөнгөн талантыг хааны санд оруулахын тулд хааны ажлыг хэрэгжүүлэгчдийн гарт тушаана гэв.
10 Тэгэхэд хаан гараасаа өөрийн тамгат бөгжөө авч иудейчүүдийн дайсан агаг хүн, Хаммедатагийн хүү Хаманд өгөв.
11 Мөн хаан Хаманд—Мөнгө чинийх, тэр хүмүүс ч мөн адил. Чи тэдний тухайд тааллаараа болох болтугай гэв.
12 Тэгээд хааны гүүш нар нэгдүгээр сарын арван гурав дахь өдөр дуудагдан Хаманы тушаасныг хааны ноёд, муж бүрийн захирагчдад, ард түмэн бүрийн ноёдод муж бүрд өөр өөрсдийнх нь бичгээр, ард түмэн бүрд өөрсдийнх нь хэлээр хаан Ахашверошийн нэрээр бичин илгээж хааны тамгат бөгжөөр тамгалжээ.
13 Адар сар буюу арван хоёрдугаар сарын арван гурав дахь өдөр нэг өдрийн дотор хөгшин залуугүй, эмэгтэйчүүд, хүүхдүүд бүх иудейчүүдийг алж устган, хүйс тэмтэрч, мөн тэдний эд хөрөнгийг олзлон авсугай хэмээсэн захидлыг хааны бүх мужид зарлагуудаар илгээв.
14 Муж бүрд хуульчлан гаргах зарлигийн хуулбарыг нийтэлж, бүх ард түмэнд тунхаглан, энэ өдрийн төлөө бэлтгүүлэв.
15 Нийслэл Сусад зарлиг гарч байх хооронд хааны тушаалаар дайчлагдсан зарлагууд гарч явцгаав. Мөн хаан болон Хаман уухаар сууцгаах үед Суса хот үймэн сандарч байв.