Нехемиа

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13


Бүлэг 6

Намайг хэрмийг дахин босгосон ба хэрмэнд цөмөрхий үлдээгээгүй гэдгийг Санбаллат, Тобиа, араб хүн Гешемд болон бидний бусад дайснуудад мэдээлэхэд, харин ч тэр үед би хаалгуудыг нь дааман хаалгануудад нь арай байрлуулаагүй байсан.
2 Санбаллат, Гешем нар надад захидал илгээн,—Ирнэ үү! Оногийн талд Хефиримд бүгдээрээ уулзацгаая! гэв. Гэвч тэд надад хор хүргэхээр төлөвлөж байсан.
3 Тиймээс би тэдэн уруу элч нарыг илгээж, “Би агуу ажил хийж байгаа бөгөөд очиж чадахгүй. Би үүнийг орхиж та нар уруу очих хооронд энэ ажлыг зогсоох хэрэг юу байна вэ?” гэж хэлүүлэв.
4 Тэд надад энэ мэтээр дөрвөн удаа захидал илгээсэн бөгөөд би тэдэнд нөгөө л хариугаа өгөв.
5 Тэгэхэд Санбаллат ийм байдлаар тав дахь удаа өөрийн зарцаа илгээсэн бөгөөд түүний гарт битүүмжлээгүй захидал байв.
6 Тэнд бичсэн нь “Чи болон иудейчүүд бослого гаргахаар төлөвлөж байгаа. Тиймээс та нар хэрмийг сэргээн босгож байна гэж үндэстнүүдийн дунд яригдаж байна. Гашму ч үүнийг хэлж байна. Энэ мэдээллийн дагуу бол чи тэдний хаан болох гэнэ.
7 Мөн чи Иерусалимд өөрийнхөө тухай «Иудад хаан байна» хэмээн зарлуулахаар эш үзүүлэгчдийг томилсон гэнэ. Одоо эдгээр мэдээллийн дагуу энэ нь хаанд мэдээлэгдэнэ. Тиймээс одоо ирэгтүн, хамтдаа зөвлөлдөе” гэжээ.
8 Тэгэхэд би түүнд захидал илгээн “Таны хэлж буй шиг тийм зүйлс огт болоогүй. Харин та эдгээрийг санаанаасаа зохиож байна” гэлээ.
9 Учир нь тэд бүгдээрээ “Тэд ажилдаа мохож, ажил нь гүйцэд хийгдэхгүй” хэмээн бодож, биднийг айлгахыг хичээж байв. Харин одоо, өө Бурхан, миний гарыг тэнхрүүлээч.
10 Тэгээд би гэрт хоригдсон Мехетабелын хүү, Делаиагийн хүү Шемаиагийн байшинд ороход, тэр—Бурханы өргөөнд, сүм дотор уулзацгаая. Сүмийн хаалгуудыг нь хаа. Учир нь тэд чамайг алах гэж байна. Тэд чамайг алахаар шөнө ирнэ гэв.
11 Гэвч би—Над шиг хүн зугтаах гэж үү? Над шиг нэг нь амиа аврахаар сүм уруу орж чадах уу? Би орохгүй гэж хэлэв.
12 Тэгэхэд Бурхан үнэхээр түүнийг илгээгээгүй, харин Тобиа, Санбаллат нар түүнийг хөлсөлсөн учир тэр миний эсрэг эш үзүүлсэн гэдгийг би ухаарсан.
13 Би айж, түүнчлэн нүгэл үйлдэж, тэгснээр тэд намайг буруутгаж чадах муу мэдээллийг олж авахаар тэр хүнийг хөлсөлсөн юм.
14 Өө, Бурхан минь, тэдний эдгээр ажлаар нь Тобиа, Санбаллат нарыг, мөн эш үзүүлэгч эмэгтэй Ноадиаг, намайг айлгахыг хичээж байсан бусад эш үзүүлэгчдийг санаач.
15 Ингээд хэрэм нь тавин хоёр хоногийн дотор, Елул сарын хорин таванд баригдаж гүйцлээ.
16 Бидний бүх дайснууд үүнийг сонсож, бидний эргэн тойрны бүх үндэстнүүд үүнийг хараад, тэд өөрсдийн итгэлээ алдав. Учир нь энэ ажил бидний Бурханы дэмжлэгтэйгээр бүтсэн гэдгийг тэд ойлгожээ.
17 Мөн тэр өдрүүдэд Иудагийн сурвалжтануудаас олон захидал Тобиад очиж, Тобиагийн захидлууд тэдэнд ирэв.
18 Учир нь Иудад олон хүмүүс түүнтэй тангаргаар холбогдсон байсан. Учир нь тэр Арагийн хүү Шеканиагийн хүргэн байсан бөгөөд түүний хүү Иехоханан нь Берехиагийн хүү Мешулламын охинтой гэрлэсэн байв.
19 Түүнээс гадна тэд миний дэргэд түүний сайн үйлсийн тухай ярьж байсан ба миний үгсийг түүнд мэдээлжээ. Тэгээд Тобиа намайг сүрдүүлэхээр захидлуудыг илгээв.