Нехемиа
Бүлэг 2
Артаксеркс хааны хорьдугаар оны Нисан сард түүний өмнө дарс байсан бөгөөд би дарсыг авч хаанд барив. Би урьд нь түүний өмнө гунигтай байсангүй.
2 Тиймээс хаан надад—Чи өвчин тусаагүй атал царай чинь юунд гунигтай байна вэ? Энэ нь зүрхний гуниглалаас өөр юу ч биш ажээ гэж хэлэв. Тэгэхэд би маш ихэд айв.
3 Тэгээд би хаанд—Хаан мөнх наслах болтугай. Миний эцэг өвгөдийг тавьсан газар болох тэр хот эзгүйрч, дааман хаалгууд нь галд шатаагдсан байхад миний царай хэрхэн гуниггүй байх билээ? гэв.
4 Тэгэхэд хаан надад—Чи юу гуймаар байна? гэв. Тиймээс би тэнгэрийн Бурханд залбирлаа.
5 Би хаанд хандан—Хэрэв хаан таалбал, хэрэв таны зарц таны хишгийг олсон бол намайг Иуда уруу, миний эцэг өвгөдийг тавьсан хот уруу түүнийг дахин босгохын тулд илгээнэ үү? гэлээ.
6 Тэгэхэд түүний хажууд хатан нь сууж байсан бөгөөд хаан надад—Чиний аян хэр удаан болж, чи хэдийд буцаж ирэх вэ? гэв. Намайг илгээхийг хаан таалсан тул би түүнд тодорхой цагийг товлов.
7 Би хаанд—Хэрэв хаан таалбал, Евфрат мөрний тэртээх мужийн захирагчдад намайг Иуда хүртэл нэвтрүүлэхийг тэднээр зөвшөөрүүлэх захидлыг надад өгнө үү.
8 Мөн сүмийн дэргэдэх цайзын дааман хаалгануудад дам нуруу хийх болон хотын хэрмэнд зориулан, миний очих байшинд зориулан дүнз моддыг надад өгүүлэхийн тулд хааны ойг сахигч Асафт захидал өгнө үү гэлээ. Тэгэхэд хаан тэдгээрийг надад соёрхов. Учир нь миний Бурханы сайн мутар миний дээр байв.
9 Тэгээд би Евфрат мөрний тэртээх мужуудын захирагчид уруу очиж, тэдэнд хааны захидлуудыг гардуулав. Хаан надтай хамт цэргийн захирагчид ба морьтонгуудыг илгээсэн юм.
10 Хорони хүн Санбаллат ба аммон хүн, түшмэл Тобиа нар үүнийг сонсоод, хэн нэгэн хүн Израилийн хөвгүүдийн сайн сайхныг хайн ирсэн нь тэдэнд тун тааламжгүй байв.
11 Тиймээс би Иерусалимд очиж, тэнд гурав хоног байв.
12 Тэгээд шөнөөр би цөөхөн хүний хамт босов. Иерусалимын төлөө юу хийх ёстойг Бурхан миний зүрхэнд чиглүүлж байсныг би хэнд ч хэлээгүй бөгөөд миний унаж явсан унаанаас минь өөр амьтан тэнд байсангүй.
13 Тэгээд би шөнөөр Луут Худгийн зүг Хөндийн Хаалгаар гарч, Иерусалимын нураагдсан хэрмийг, галд шатаагдсан дааман хаалгуудыг ажин Хаягдлын Хаалга хүртэл явав.
14 Дараа нь Оргилуурын Хаалга ба Хааны цөөрөм уруу очсон ч тэнд миний уналга моринд явах газар үгүй байв.
15 Тиймээс би шөнөөр жалга даган явж, хэрмийг шинжив. Дараа нь би Хөндийн Хаалгаар дахин орж, буцаж харив.
16 Намайг хаашаа явж, юу хийснийг минь түшмэд мэдээгүй бөгөөд би иудейчүүдэд ч, тахилч нарт ч, язгууртнуудад ч, түшмэдэд ч, ажил хийсэн бусад хүмүүст ч юу ч хэлээгүй юм.
17 Тэгэхэд би тэдэнд—Та нар бидний байгаа муу нөхцөл байдлыг, Иерусалим эзгүйрч, дааман хаалгууд нь галд шатаагдсан байгааг харж байгаа биз дээ. Ирцгээ, Иерусалимын хэрмийг дахин босгоцгооё. Тэгвэл бид цаашид гутамшиг болохгүй гэв.
18 Миний Бурханы мутар надад ямар ивээлтэй байсныг болон хааны надад хэлсэн үгсийн тухай би тэдэнд хэлэв. Тэгэхэд тэд—Босоцгоон, дахин барьцгаая гэв. Тэд тийнхүү гараа сайн үйлд зориулав.
19 Гэвч хорони хүн Санбаллат ба аммон хүн, түшмэл Тобиа, Гешем, Араб нар үүнийг сонсоод биднийг шоолон жигшиж—Та нар юу гээчийг хийж байна вэ? Та нар хааны эсрэг самуун үүсгэж байна уу? гэв.
20 Тэгэхэд би тэдэнд хариулан—Тэнгэрийн Бурхан бидэнд амжилт өгнө. Тиймээс Түүний зарц нар болох бид босоцгоон барих болно. Харин та нарт Иерусалимд ямар ч хувь, эрх, эсвэл дурсгал ч байхгүй гэж хэлэв.