1 Иохан

1 2 3 4 5


Бүлэг 5

Есүс бол Христ мөн гэдэгт итгэдэг бүхэн Бурханаар төрөгсөд болой. Эцэгийг хайрладаг хэн боловч Түүгээр төрөгсдийг ч хайрладаг.
2 Бид Бурханыг хайрлаж, Түүний тушаалуудыг сахиж байгаа цагт Бурханы хүүхдүүдийг хайрладаг гэдгээ бид үүгээр мэднэ.
3 Бурханы хайрлах нь Түүний тушаалуудыг сахих юм. Түүний тушаалууд нь хүнд дарамт биш билээ.
4 Бурханаар төрсөн бүхэн ертөнцийг ялдаг. Ертөнцийг дийлсэн ялалт нь бидний итгэл болой.
5 Есүс бол Бурханы Хүү мөн гэж итгэдэг хүнээс өөр хэн ертөнцийг ялагч байх вэ?
6 Энэ бол ус ба цусаар ирсэн нэгэн буюу Есүс Христ юм. Тэр зөвхөн усаар биш, харин ус ба цусаар ирсэн. Гэрчлэгч нь Сүнс юм. Учир нь Сүнс бол үнэн мөн.
7 Гэрчлэгч нь гурав бөгөөд
8 Сүнс, ус болон цус юм. Энэ гурав нь нэг болой.
9 Хэрэв бид хүний гэрчлэлийг хүлээн авдаг бол, Бурханы гэрчлэл нь илүү агуу юм. Учир нь энэ бол Хүүгийнхээ тухай гэрчилсэн Бурханы гэрчлэл мөн.
10 Бурханы Хүүд итгэдэг нэгэн нь дотроо гэрчлэлтэй. Бурханд итгэдэггүй хүн Түүнийг худалч болгож байна. Учир нь Хүүгийнхээ тухай гэрчилсэн Бурханы гэрчлэлд тэр итгэсэнгүй.
11 Гэрчлэл нь энэ байна. Бурхан бидэнд мөнх амийг өгсөн бөгөөд энэхүү амь нь Түүний Хүүгийн дотор байна.
12 Хүүтэй хүнд амь бий. Бурханы Хүү байхгүй хүнд амь байхгүй.
13 Та нар мөнх амьтай гэдгээ мэдээсэй гэсэндээ би Бурханы Хүүгийн нэрд итгэдэг та нарт эдгээр зүйлийг бичсэн.
14 Бид Түүний хүслийн дагуу юуг ч гуйсан, Тэр биднийг сонсдог гэдэг нь Түүний өмнө бидэнд байгаа итгэл зориг юм.
15 Бид юуг ч гуйсан, Тэр биднийг сонсоно гэдгийг бид мэдвэл, бид Түүнээс гуйснаа авсан болохыг мэднэ.
16 Хэрэв хэн нэг нь үхэлд хүргэхгүй нүгэл үйлдэж байгаа ах дүүгээ харвал, залбиран гуй. Тэгвэл үхэлд хүргэхгүй нүгэл үйлдэгсдэд амийг Тэр өгнө. Үхэлд хүргэх нүгэл гэж бий. Үүний төлөө залбир гэж би хэлэхгүй.
17 Зөвт бус байдал нь бүгдээрээ нүгэл мөн. Үхэлд хүргэхгүй нүгэл гэж бий.
18 Бурханаар төрсөн хэн боловч нүгэл үйлддэггүйг бид мэднэ. Харин Бурханаар төрсөн Тэрээр түүнийг хамгаалдаг бөгөөд муу нэгэн түүнд хүрэхгүй.
19 Бид Бурханых, харин бүх ертөнц нь муу нэгний дотор байдгийг мэднэ.
20 Бурханы Хүү ирээд, бидэнд үнэн Нэгэнийг мэдүүлэхийн тулд ухааныг өгснийг бид мэднэ. Бид тэрхүү үнэн Нэгэн болох Түүний Хүү Есүс Христийн дотор байна. Тэр бол үнэн Бурхан бөгөөд мөнх амь билээ.
21 Бяцхан хүүхдүүд ээ, та нар шүтээнүүдээс өөрсдийгөө хамгаалагтун.