1 Иохан
Бүлэг 4
Хайртууд минь, сүнс болгонд бүү итгэ. Харин тэднийг Бурханаас ирсэн эсэхийг мэдэхийн тулд сүнснүүдийг шалга. Учир нь олон хуурамч эш үзүүлэгчид дэлхийд гарсан байна.
2 Бурханы Сүнсийг та нар үүгээр мэднэ. Есүс Христ махан биеэр ирснийг хүлээн зөвшөөрөгч сүнс бүр Бурханаас ирсэн бөгөөд
3 Есүсийг хүлээн зөвшөөрдөггүй сүнс бүр Бурханаас ирээгүй. Энэ бол Христийг эсэргүүцэгчийнх бөгөөд та нар түүнийг ирж байна гэдгийг сонссон ба тэр эдүгээ дэлхийд хэдийн байж байна.
4 Бяцхан хүүхдүүд ээ, та нар Бурханых бөгөөд тэднийг дийлсэн. Учир нь та нарын дотор байгаа Тэр бол дэлхийд байгч нэгнээс аугаа.
5 Тэд бол ертөнцийнх. Тиймээс тэд ертөнцийнхийг ярьдаг. Ертөнц тэднийг сонсдог.
6 Бид бол Бурханых. Бурханыг мэддэг хүн биднийг сонсдог. Бурханых биш хүн биднийг сонсдоггүй. Үүгээр бид үнэний сүнс ба мэхлэлийн сүнсийг мэднэ.
7 Хайртууд минь, бие биеэ хайрлацгаая. Учир нь хайр бол Бурханаас ирдэг. Хайрладаг хүн бүр Бурханаас төрсөн бөгөөд Бурханыг мэддэг юм.
8 Хайрладаггүй нэгэн нь Бурханыг мэддэггүй. Учир нь Бурхан бол хайр билээ.
9 Бурхан Өөрийнхөө цорын ганц Хүүг ертөнцөд илгээсэн нь Түүгээр дамжуулан биднийг амьд байлгахын тулд юм. Үүгээр Бурханы хайр бидэнд илэрхийлэгдсэн юм.
10 Бид Бурханыг хайрласан бус, харин Тэр биднийг хайрлаж, бидний нүглийн төлөө Хүүгээ эвлэрүүлэл болгон илгээсэн билээ. Үүнд хайр байгаа юм.
11 Хайртууд минь, хэрэв Бурхан биднийг ийнхүү хайрласан бол бид ч бие биеэ хайрлах ёстой.
12 Хэн ч, хэзээ ч Бурханыг хараагүй. Хэрэв бид бие биеэ хайрлавал, Бурхан бидний дотор байж, Түүний хайр бидний дотор бүрэн төгс болно.
13 Тэр Өөрийнхөө Сүнсийг бидэнд өгсөн учир бид Түүний дотор, Тэр бидний дотор буйг бид үүгээр мэднэ.
14 Эцэг нь Хүүгээ ертөнцийн Аврагч болгон илгээснийг бид үзсэн бөгөөд гэрчилж байна.
15 Есүс бол Бурханы Хүү гэж хүлээн зөвшөөрдөг хэний ч дотор Бурхан байж, тэр Бурханы дотор байна.
16 Бурханы биднийг хайрладаг хайрыг нь бид мэдэж, итгэдэг.Бурхан бол хайр мөн. Хайрын дотор байгч нэгэн нь Бурханы дотор байж, Бурхан түүний дотор байна.
17 Үүгээр шүүлтийн өдөрт биднийг зоригтой байлгахын тулд хайр нь бидний дунд төгс болов. Учир нь бид энэ ертөнцөд Түүн шиг байдаг.
18 Хайрын дотор айдас байдаггүй. Харин төгс хайр нь айдсыг хөөн зайлуулна. Учир нь айдаст ял байдаг. Айдаг нэгэн бол хайрын дотор төгс болгогдоогүй байна.
19 Эхлээд Тэр биднийг хайрласан тул бид хайрладаг юм.
20 Хэрэв хэн нэгэн нь “Би Бурханыг хайрладаг” гэж хэлчихээд, ах дүүгээ үзэн яддаг бол, тэр хүн худалч. Учир нь харж байгаа ах дүүгээ хайрладаггүй нэгэн, хараагүй Бурханыг хайрлаж чадахгүй шүү дээ.
21 Бурханыг хайрладаг нэгэн нь мөн ах дүүгээ хайрлах ёстой. Бид энэ тушаалыг Түүнээс авсан билээ.