1 Петр
Бүлэг 5
Тиймээс би та нарын ахлагч, Христийн зовлонгуудын гэрч болон илчлэгдэх алдрыг хуваалцагч болохынхоо хувьд та нарын дундах ахлагчдыг ятгаж байна.
2 Та нарын дунд байгаа Бурханы хонин сүргийг хариул. Ингэхдээ албадлагаар бус, харин сайн дураараа, Бурханы хүслийн дагуу харгалзан, хомхой ашгийн төлөө бус, харин хичээл зүтгэлээр,
3 өөрсдөд чинь даалгасан хүмүүсийг ноёлох бус, харин хонин сүрэгтээ үлгэр дуурайл болон хариул.
4 Тэгээд Ахлах Хоньчинг үзэгдэхэд та нар алдрын гандашгүй титмийг хүлээн авна.
5 Залуус аа, та нар мөн түүнчлэн ахлагчиддаа захирагд. Та бүгд бие биедээ даруу хандах байдлаар өөрсдийгөө хувцасла. Учир нь Бурхан бардам хүнийг эсэргүүцдэг, харин даруу хүнд нигүүлслээ өгдөг.
6 Иймд Бурханы хүчирхэг мутрын дор өөрсдийгөө даруу байлга. Тэгвэл Бурхан зохистой цагт та нарыг өргөмжилнө.
7 Тэр та нарын төлөө санаа тавьдаг учраас бүх зовнилоо Түүнд үүрүүл.
8 Эрүүл ухаантай, сонор сэрэмжтэй бай. Та нарын өрсөлдөгч болох диавол нь хэн нэгнийг залгихаар хайж буй архирах арслан мэт гэтэн явдаг.
9 Харин та нар бат итгэлээрээ түүнийг эсэргүүц. Дэлхийд буй ах дүү нар чинь адилхан зовлон эдэлж байгааг та нар мэднэ.
10 Христ дотор та нарыг Өөрийн мөнх алдар уруу дуудсан, бүх нигүүлслийн Бурхан Өөрөө та нарыг түр зуур зовсны дараа та нарыг төгс болгож, бататгаж, бэхжүүлэн байгуулах болно.
11 Ноёрхол нь үеийн үед Түүнд байх болтугай. Амен.
12 Энэ бол Бурханы жинхэнэ нигүүлсэл гэдгийг би та нарт гэрчилж, сургамжлан бидний итгэмжит ах дүү болох (би тэгж үздэг) Силуанаар дамжуулан товчхон бичлээ. Энэ нигүүлсэл дотор бат зогс.
13 Та нартай хамт сонгогдсон Вавилон дахь чуулган болоод мөн миний хүү Марк та нарт мэнд дамжуулж байна.
14 Хайрын үнсэлтээр бие биетэйгээ мэндчилэгтүн. Христ доторх та бүгдэд амар амгалан нь байх болтугай. 1. Петр 4. 2. Петр 1