1 Петр

1 2 3 4 5


Бүлэг 3

Түүнчлэн эхнэрүүд ээ, та нар нөхөртөө захирагд. Ингэх нь нөхрүүдийн чинь зарим нь үгийг дагахгүй байгаа ч гэсэн, тэд эхнэрүүдийнхээ үггүйгээр, биеэ авч явах байдлаар аврагдана.
2 Тэд та нарын журамт байдал болоод эелдэг зан байдлыг чинь ажиглана шүү дээ.
3 Та нарын үс сүлжилт, алтан эдлэл зүүх, эсвэл хувцаслалт гэх мэт чимэглэл чинь зөвхөн гадна талын үзэмж бүү байг.
4 Харин зүрхэнд нуугдсан хүнийг дөлгөөн ба даруу сэтгэлийн мөхөшгүй чанараар чимэглэ. Энэ нь Бурханы өмнө асар үнэтэй болой.
5 Учир нь түүнчлэн урьд цагт Бурханд найдвараа тавьсан ариун эмэгтэйчүүд ч нөхрүүддээ захирагдан өөрсдийгөө гоёдог байв.
6 Түүнчлэн Сара Абрахамыг эзэн гэж дуудан, дуулгавартай дагасан юм. Хэрэв та нар ямар ч аюулаас айхгүйгээр зөвийг үйлдвэл, тэр эмэгтэйн хүүхдүүд болно.
7 Нөхрүүд ээ, эхнэр чинь эмэгтэй хүн тул түүнийг өөрөөсөө сул дорой сав мэт үзэн та нар ч мөн адил эхнэртэйгээ ойлголцож амьдар. Амийн нигүүлслийн хамтран өвлөгчийнх нь хувьд түүнийг хүндэтгэ. Ингэвэл та нарын залбиралд саад тотгор учрахгүй.
8 Эцэст нь, бүгд эв найртай, энэрэнгүй, ахан дүүсэг, эелдэг бөгөөд сүнс дотор даруу байцгаа.
9 Ерөөлийг өвлүүлэх зорилгын үүднээс та нарыг дуудсан тул та нар мууг муугаар, эсвэл доромжлолыг доромжлолоор хариулахын оронд ерөөгтүн.
10 Учир нь“Амиа хайрлаж, сайн өдрүүдийг үзэхийг хүсдэг хүнБузар муугаас хэлээ, заль мэхийн үгсээс уруулаа хорьж болиул.
11 Тэгээд бузар муугаас эргэж, сайныг үйлд.Амар тайвныг хай, түүнийг мөшгө.
12 Учир нь Эзэний мэлмий зөвт хүмүүс дээр байдаг.Түүний чих тэдний залбиралд анхаарал тавьдаг.Харин Эзэний царай бузар мууг үйлдэгчдийн эсрэг байдаг”гэжээ.
13 Хэрэв та нар сайны төлөө хичээн зүтгэх аваас хэн та нарт хор учруулах юм бэ?
14 Харин та нар зөвт байдлын төлөө зовлон эдлэхэд хүрлээ ч, та нар ерөөлтэй. Тэдний сүрдүүлгээс бүү ай, бүү зов.
15 Харин та нарын доторх найдварын талаар асуух хүн бүрд хариу өгөхөд ямагт бэлэн бай, гэхдээ дөлгөөн байдлаар болон хүндэтгэлтэйгээр хариул. Христийг Эзэн хэмээж зүрхэндээ тусгаарлан нандигна.
16 Мөн сайн мөс чанартай бай. Ингэснээр Христ доторх та нарын сайнаар биеэ авч явахыг муучлагчид та нарыг гүтгэсэн зүйлдээ ичих болно.
17 Хэрэв Бурхан таалах аваас та нар мууг үйлдсэнийхээ төлөө зовсноос зөвийг үйлдсэнийхээ төлөө зовсон нь дээр.
18 Учир нь Христ ч нэг удаа нүглийн төлөө үхэж, зөвт нь зөвт бусыг орлосон. Энэ нь биднийг Бурханд аваачихын тулд болой. Ингэхдээ махан бие дотор үхэж, сүнс дотор амилуулагдав.
19 Тэрхүү сүнсээр Христ явж, шоронд байгаа сүнснүүдэд тунхаглажээ.
20 Эдгээр сүнснүүд нь, урьд Ноагийн өдөр хөвөгч авдар баригдаж байх үед буюу Бурхан тэвчиж хүлээсээр байхад дуулгаваргүй байв. Тэрхүү хөвөгч авдарт цөөн буюу найман хүн байж, уснаас эсэн мэнд гарчээ.
21 Ус бол Есүс Христийн амилалтаар дамжуулан одоо та нарыг аврах бэлэг тэмдэг болох баптисм юм. Энэ нь махан биеийн бузрыг арилгадаг биш харин сайн мөс чанараар Бурханд хандан өргөх амлалт юм.
22 Тэрээр тэнгэрт очоод Бурханы баруун гарт байж, тэнгэр элч нар, эрх мэдлүүд болон хүчнүүд Түүнд захирагдаж байгаа билээ.