Ром

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16


Бүлэг 5

Тиймээс итгэлээр зөвтгөгдсөн бид бидний Эзэн Есүс Христээр дамжуулан Бурхантай эвлэрсэн билээ.
2 Мөн дотор нь зогсдог энэхүү нигүүлсэл уруу бид Түүгээр дамжуулан итгэлээр орох боломжтой болсон бөгөөд бид Бурханы алдрын найдварт баярладаг.
3 Түүгээр ч барахгүй, мөн зовлонтойдоо баярладаг. Учир нь зовлон зүдгүүр нь тэвчээрийг,
4 тэвчээр нь туршлагатай байхыг, туршлагатай байх нь найдварыг төрүүлдэг.
5 Найдвар нь урам хугалдаггүй. Учир нь бидэнд өгөгдсөн Ариун Сүнсээр дамжуулан Бурханы хайр бидний зүрхэнд цутгагдсан байдаг.
6 Биднийг сул дорой байх үед, Христ тогтоосон цагт бурханлаг бус хүмүүсийн өмнөөс үхсэн билээ.
7 Зөвт хүний төлөө хэн нэгэн хүн бараг үхэхгүй. Харин сайн хүний төлөө бол хэн нэгэн хүн үхэхээр зүрхэлж магадгүй юм.
8 Гэвч биднийг нүгэлтнүүд байхад л Христ бидний төлөө үхсэн. Үүгээрээ Бурхан биднийг хайрлах хайраа харуулсан юм.
9 Тиймд эдүгээ Түүний цусаар зөвтгөгдсөн бид тэр тусмаа Түүгээр дамжуулан уур хилэнгээс ч аврагдах болно.
10 Учир нь хэрэв бид дайснууд байхдаа Хүүгийнх нь үхлээр Бурхантай эвлэрүүлэгдсэн юм бол, тэр тусмаа бид Түүний амиар аврагдах болно.
11 Зөвхөн үүнд ч биш, мөн Бурханы дотор бидний Эзэн Есүс Христээр дамжуулан баярлан хөөрдөг. Түүгээр бид эдүгээ эвлэрлийг авав.
12 Нэг хүнээр ертөнцөд нүгэл нь ирсний адил нүглээр үхэл нь ирсэн. Тиймээс бүгд нүгэл үйлдсэн тул үхэл нь бүх хүнд иржээ.
13 Учир нь Хуулиас өмнө ертөнцөд нүгэл байсан. Гэвч хэрэв хууль байхгүй бол нүгэл нь нүгэл хэмээн тооцогдохгүй.
14 Гэсэн хэдий ч үхэл нь Адамаас Мосе хүртэл ноёрхсон төдийгүй, ирэх байсан Түүний дүрс болох Адамын гэм буруутай адил байдлаар нүглийг үйлдээгүй хүмүүс дээр ч ноёрхож байсан ажээ.
15 Харин үнэгүй бэлэг бол алдаа зөрчилтэй адилхан биш. Учир нь хэрэв ганц хүний алдаа зөрчлөөс болж олон хүн үхсэн бол, тэгэх тусмаа Бурханы нигүүлсэл болон Есүс Христ гэгч ганц Хүний нигүүлслээр ирэх бэлэг нь олон хүнд бялхагдсан юм.
16 Бэлэг нь нүгэл үйлдсэн ганц хүнээр дамжуулан ирсэн зүйлтэй адилхан биш. Учир нь нэг талаас, нэг алдаа зөрчлийг дагалдан шүүлт нь ирж, ялд унагасан бол, нөгөө талаас олон алдаа зөрчлийг дагалдан үнэгүй бэлэг нь ирж, зөвтгөлд хүргэсэн билээ.
17 Учир нь хэрэв ганц хүний алдаа зөрчлөөс болж ганц хүнээр дамжуулан үхэл нь ноёрхсон бол, тэгэх тусмаа нигүүлслийн баялгийг болон зөвт байдлын бэлгийн бялхалыг хүлээн авагсад нь Есүс Христ гэгч ганц Хүнээр дамжуулан амь дотор ноёрхоно.
18 Тиймээс нэг алдаа зөрчлөөс болж бүх хүн ялд унасны адил, ийнхүү нэг зөвт үйлээс болж бүх хүмүүс амийн зөвтгөлд хүрэв.
19 Учир нь ганц хүний дуулгаваргүй байдлаас болж олон хүн нүгэлтэн болгогдсоны адил түүнчлэн ганц Хүний дуулгавартай байдлаар олон хүн зөвт болгогдоно.
20 Алдаа зөрчил ихэссэн байхын тулд Хууль орж ирсэн. Гэвч хаана нүгэл ихэссэн байна, тэнд нигүүлсэл улам илүү бялхсан юм.
21 Ингэснээр нүгэл нь үхлээр ноёрхсончлон, нигүүлсэл нь бидний Эзэн Есүс Христээр дамжуулан мөнх аминд хүргэх зөвт байдлаар ноёрхох юм.