Езра
Бүлэг 8
Энэ бол Артаксеркс хааны хаанчлалын үед надтай хамт Вавилоноос явсан хүмүүсийн эцгүүдийн бүлүүдийн тэргүүнүүд ба тэдний угийн бичгийн бүртгэл юм.
2 Финехасын хөвгүүдээс Гершом, Итамарын хөвгүүдээс Даниел, Давидын хөвгүүдээс Хаттуш,
3 Парошийн хөвгүүдийнх болох Шеканиагийн хөвгүүдээс Зехариа болон түүнтэй хамт угийн бичгийн жагсаалтанд буй зуун тавин эрчүүд,
4 Пахат-моабын хөвгүүдээс Зерахиагийн хүү Елиехоенаи болон түүнтэй хамт хоёр зуун эрчүүд,
5 Шеканиагийн хөвгүүдээс Иахазиелын хүү болон түүнтэй хамт гурван зуун эрчүүд,
6 Адины хөвгүүдээс Ионатаны хүү Ебед болон түүнтэй хамт тавин эрчүүд,
7 Еламын хөвгүүдээс Аталиагийн хүү Иешаиа болон түүнтэй хамт далан эрчүүд,
8 Шефатиагийн хөвгүүдээс Михаелын хүү Зебадиа болон түүнтэй хамт наян эрчүүд,
9 Иоабын хөвгүүдээс Иехиелийн хүү Обадиа болон түүнтэй хамт хоёр зуун арван найман эрчүүд,
10 Шеломитын хөвгүүдээс Иосифиагийн хүү болон түүнтэй хамт зуун жаран эрчүүд,
11 Бебаин хөвгүүдээс Бебаин хүү Зехариа болон түүнтэй хамт хорин найман эрчүүд,
12 Азгадын хөвгүүдээс Хаккатаны хүү Иоханан болон түүнтэй хамт зуун арван эрчүүд,
13 Адоникамын хөвгүүдээс сүүлчийн хүмүүс буюу тэдний нэрс гэвэл, Елифелет, Иеуел ба Шемаиа болон тэдэнтэй хамт жаран эрчүүд,
14 Бигваин хөвгүүдээс Утаи ба Заббуд болон тэдэнтэй хамт далан эрчүүд болой.
15 Би тэднийг Ахава уруу урсдаг гол дээр цуглуулж, тэнд бид гурав хоногийн турш буудаллав. Би хүмүүсийг болон тахилч нарыг ажиглаж байхдаа тэндээс нэг ч Леви хүнийг олоогүй.
16 Тэгээд би Елиезер, Ариел, Шемаиа, Елнатан, Иариб, Елнатан, Натан, Зехариа ба Мешуллам хэмээх удирдах хүмүүсийг болон Иоиариб, Елнатан хэмээх багш нарыг дуудуулахаар хүмүүсийг илгээв.
17 Би тэднийг Касифиа газрын удирдах хүн Иддо уруу илгээв. Бидний Бурханы өргөөний төлөө бидэн уруу үйлчлэгчдийг авчрахын тулд Иддо болон Касифиа газар дахь сүмийн үйлчлэгчид болох түүний ах дүү нарт юу хэлэхийг нь би тэдэнд зааж өгөв.
18 Бидний дээрх Бурханы сайн мутрын дагуу тэд бидэнд нэгэн билиг ухаантай хүн болох Шеребиа болон түүний хөвгүүд, ах дүү нар арван найман хүнийг авчрав. Шеребиа нь Израилийн хүү Левийн хүү Махлийн хөвгүүдээс гаралтай юм.
19 Хашабиа болон Мерарийн хөвгүүдээс Иешаиа, өөрийн ах дүү нар болон тэдний хөвгүүдтэй хамт хорин хүн.
20 Мөн левичүүдэд үйлчлүүлэхээр Давид ба ноёдын өгсөн сүмийн үйлчлэгчдээс хоёр зуун хорин хүн буюу бүгд нэр нэрээрээ тэмдэглэгдсэн юм.
21 Тэгээд Түүнээс өөрсдийнхөө төлөө болон багачууд, бүх эд хөрөнгөнийхөө төлөө аюулгүй аян замыг гуйхын тулд Бурханыхаа өмнө өөрсдийгөө даруу болгохоор би тэнд Ахава голын дэргэд мацаг барилтыг зарлав.
22 Учир нь замд учрах дайснаас хамгаалуулахын тулд цэрэг ба морьтонгуудыг хаанаас гуйхаас би ичсэн юм. Яагаад гэвэл бид хаанд “Бидний Бурханы мутар Өөрийг нь эрж буй бүхэнд ээлтэй ханддаг боловч, Түүний хүч чадал, уур хилэн нь Өөрийг нь орхидог бүхний эсрэг байдаг” гэж хэлсэн юм.
23 Тиймээс бид мацаг барьж, энэ асуудлын тухайд Бурханаа эрэлхийлсэн бөгөөд Тэр бидний гуйлтыг сонсов.
24 Тэгээд би арван хоёр удирдах тахилч нар болох Шеребиа, Хашабиа болон тэдний хамт ах дүү нараас нь арвыг тусгаарлаж,
25 хаан болон түүний зөвлөхүүд, түүний ноёд болон тэнд байсан бүх израильчуудын манай Бурханы өргөөний төлөө өргөсөн мөнгө, алт, сав суулгууд өргөлүүдийг би тэдэнд жинлэж өгөв.
26 Ийнхүү би тэдний гарт зургаан зуун тавин талант мөнгө, зуун талантын үнэтэй мөнгөн сав суулгууд, зуун алтан талант,
27 мянган дарикийн үнэтэй хорин алтан хул, алт мэт үнэтэй гялалзсан хоёр хүрэл савыг жинлэж өгөв.
28 Тэгээд би тэдэнд—Та нар ЭЗЭНд ариун. Сав суулгууд ч ариун. Эдгээр мөнгө, алт нь та нарын эцэг дээдсийн Бурхан ЭЗЭНд сайн дураар өргөсөн өргөл билээ.
29 ЭЗЭНий өргөөний өрөөнүүдэд, Иерусалим дахь Израилийн эцгүүдийн бүлүүдийн тэргүүнүүд, левичүүд болон удирдах тахилч нарын өмнө жинлэж өгтлөө тэднийг харж хадгал гэв.
30 Тэгээд жинлэж өгсөн мөнгө, алт ба сав суулгуудыг Иерусалим уруу бидний Бурханы өргөөнд авчрахаар тахилч нар болон левичүүд хүлээн авцгаав.
31 Дараа нь бид Ахава голоос Иерусалим уруу явахаар нэгдүгээр сарын арван хоёронд гарлаа. Манай Бурханы мутар бидний дээр байсан бөгөөд Тэр биднийг замын дагуух отолтууд болон дайсны гараас гэтэлгэв.
32 Ийнхүү бид Иерусалимд ирж, тэнд гурав хоног байлаа.
33 Тэгээд дөрөв дэх өдөр нь мөнгө, алт ба сав суулгуудыг бидний Бурханы өргөөнд тахилч Уриагийн хүү Меремотын гарт жинлэж өгөв. Түүнтэй хамт Финехасын хүү Елеазар байсан бөгөөд тэдэнтэй хамт левичүүд болох Иешуагийн хүү Иозабад ба Биннуин хүү Ноадиа нар байв.
34 Бүх зүйлсийг дугаарлаж, жинлэж, мөн бүх жин хэмжээг нь тэр үед тэмдэглэж авсан юм.
35 Олзноос ирсэн цөлөгдөгсөд Израилийн Бурханд шатаалт тахилуудыг өргөв. Бүх Израилийн төлөө арван хоёр бух, ерэн зургаан хуц, далан долоон хурга, нүглийн төлөөх тахилын арван хоёр ухна энэ бүгдийг ЭЗЭНд шатаалт тахил болгон өргөв.
36 Тэгээд тэд Евфрат мөрний тэртээх мужуудын захирагчид ба хааны засаг ноёдод хааны зарлигийг уламжилсан бөгөөд тэд хүмүүсийг болон Бурханы өргөөг тэтгэн туслав.