Езра

1 2 3 4 5 6 7 8 9 10


Бүлэг 10

Езраг залбирч, нүглээ наманчилан уйлж, Бурханы өргөөний өмнө сунан мөргөж байхад, Израилиас асар их чуулган гашуунаар уйлцгааж, эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд мөн хүүхдүүд түүн уруу цугларцгаав.
2 Еламын хөвгүүдийн нэг Иехиелийн хүү Шеканиа Езрад—Бид Бурхандаа итгэлгүй хандаж, энэ газрын ард түмнүүдээс харь эмэгтэйчүүдтэй гэрлэсэн. Гэсэн хэдий ч одоо энэ бүхнээс үл хамаарч Израильд найдвар байна.
3 Тиймээс одоо Эзэн болон бидний Бурханы хуулиас сүрддэг хүмүүсийн зөвлөгөөний дагуу бүх эхнэрүүдээ болон тэдний хүүхдүүдийг явуулахаар Бурхантайгаа гэрээ хийцгээе. Энэ нь хуулийн дагуу хийгдэг!
4 Босогтун! Учир нь энэ хэрэг бол таны хариуцлага боловч бид тантай хамт байна. Зоригтой байж, үйлдэгтүн! гэв.
5 Тэгэхэд Езра босож, удирдах тахилч нар, левичүүд болон бүх израильчуудыг энэ саналын дагуу үйлдэнэ хэмээн тангараг өргүүлэв. Тийнхүү тэд тангараг өргөв.
6 Тэгээд Езра Бурханы өргөөний өмнөөс босож, Елиашибын хүү Иехохананы танхимд оров. Тэр хэдийгээр тийш очсон боловч цөлөгдөгсдийн итгэлгүй байдлын улмаас гашуудаж байсан тул талх ч идсэнгүй, ус ч уусангүй.
7 Тэд бүх цөлөгдөгсдөд Иерусалимд цуглах ёстой гэж Иуда ба Иерусалим даяар зарласан бөгөөд
8 гурав хоногийн дотор ирээгүй хэнийг ч болов удирдагчид ба ахмадуудын зөвлөгөөний дагуу бүх хөрөнгийг нь хурааж, түүнийг өөрийг нь цөлөгдөгсдийн чуулганаас хөөхөөр болов.
9 Ингээд Иуда болон Бениамины бүх эрчүүд гурав хоногийн дотор Иерусалимд цуглав. Энэ бол есдүгээр сарын хорин байсан бөгөөд бүх хүмүүс уг үйл явдлаас болон ширүүн бороо орсноос болж чичирсээр Бурханы өргөөний өмнөх задгай талбайд сууцгаав.
10 Тэгээд тахилч Езра босож, тэдэнд—Та нар итгэлгүй байж, Израилийн гэм бурууг нэмэгдүүлэн харь эхнэрүүд авчээ.
11 Тиймээс одоо эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНд нүглээ наманчилж, Түүний хүслийн дагуу үйлд. Өөрсдийгөө энэ газрын ард түмнүүдээс болон харь эхнэрүүдээсээ тусгаарла гэж хэлэв.
12 Тэгтэл бүх чуулган чанга дуугаар хариулан—Энэ зөв! Таны хэлсэнчлэн, энэ нь бидний гүйцэтгэх ёстой үүрэг.
13 Гэвч олон хүмүүс байна, мөн одоо борооны улирал тул бид задгай газар зогсоод байж чадахгүй нь. Энэ даалгавар ч нэг юм уу, хоёр өдрийн дотор биелэгдэж чадахгүй. Учир нь бид энэ хэрэгт ихээр тэрсэлжээ.
14 Манай удирдагчид бүх чуулганыг төлөөлж, манай хотуудад харь эхнэр авсан бүх хүмүүс тогтсон цагт хот бүрийн ахмадууд болон шүүгчидтэй хамт ирцгээг. Энэ хэргийн улмаас бидний Бурханы догшин уур хилэн биднээс зайлуулагдах хүртэл ингэг гэв.
15 Зөвхөн Асахелын хүү Ионатан, Тиквагийн хүү Иахзеиа нар үүнийг эсэргүүцэхэд, Мешуллам ба леви хүн Шаббетаи нар тэднийг дэмжив.
16 Гэвч цөлөгдөгсөд түүнчлэн үйлдэцгээв. Тэгээд тахилч Езра тэдний эцгүүдийн бүлүүд бүрийн төлөө эцгүүдийн бүлүүдийн тэргүүлэгчид болох хүмүүсийг бүгдийг нэрээр нь сонгов. Тэгээд аравдугаар сарын эхний өдөр тэр хэргийг нарийвчлан үзэхээр тэд цуглав.
17 Тэд нэгдүгээр сарын эхний өдөр гэхэд харь эхнэр авсан бүх хүмүүсийг нарийвчлан тогтоож дуусжээ.
18 Харь эхнэр авсан тахилч нарын хөвгүүдийн дотор Иозадакийн хүү Иешуагийн хөвгүүдээс болон түүний ах дүү нараас Маасеиа, Елиезер, Иариб, Гедалиа нар байв.
19 Тэд эхнэрүүдээ зайлуулахыг амласан бөгөөд гэмтэй учир гэмийнхээ төлөө хонин сүргээс хуцыг тахилд өргөв.
20 Иммерийн хөвгүүдээс Ханани, Зебадиа,
21 Харимын хөвгүүдээс Маасеиа, Елиа, Шемаиа, Иехиел болон Уззиа,
22 Пашхурын хөвгүүдээс Елиоенаи, Маасеиа, Ишмаел, Нетанел, Иозабад болон Еласа нар байв.
23 Левичүүдээс Иозабад, Шимеи, Келаиа (тэр нь Келита), Петахиа, Иуда болон Елиезер нар байв.
24 Дуучдаас Елиашиб байв. Хаалгачдаас Шаллум, Телем болон Ури нар байв.
25 Израилиас, Парошийн хөвгүүдээс Рамиа, Иззиа, Малхиа, Миамин, Елеазар, Малхиа болон Бенаиа,
26 Еламын хөвгүүдээс Маттаниа, Зехариа, Иехиел, Абди, Иеремот болон Елиа,
27 Заттугийн хөвгүүдээс Елиоенаи, Елиашиб, Маттаниа, Иеремот, Забад болон Азиза,
28 Бебаин хөвгүүдээс Иеханан, Хананиа, Заббаи болон Атлаи,
29 Банийн хөвгүүдээс Мешуллам, Маллух, Адаиа, Иашуб, Шеал болон Иеремот,
30 Пахат-моабын хөвгүүдээс Адна, Хелал, Бенаиа, Маасеиа, Маттаниа, Безалел, Биннуи, болон Манассе,
31 Харимын хөвгүүдээс Елиезер, Исшиа, Малхиа, Шемаиа, Шимеон,
32 Бениамин, Маллух, Шемариа,
33 Хашумын хөвгүүдээс Маттенаи, Маттатта, Забад, Елифелет, Иеремаи, Манассе болон Шимеи,
34 Банийн хөвгүүдээс Маадаи, Амрам, Уел,
35 Бенаиа, Бедеиа, Хелухи,
36 Ваниа, Меремот, Елиашиб,
37 Маттаниа, Маттенаи, Иаасу,
38 Бани, Биннуи, Шимеи,
39 Шелемиа, Натан, Адаиа,
40 Махнадебаи, Шашаи, Шараи,
41 Азарел, Шелемиа, Шемариа,
42 Шаллум, Амариа болон Иосеф,
43 Небогийн хөвгүүдээс Иеиел, Маттитиа, Забад, Зебина, Иаддаи, Иоел болон Бенаиа нар байв.
44 Эд бүгд харь эхнэрүүд авсан бөгөөд тэдний зарим нь тэдгээрээс хүүхэдтэй байв. Езра 9. Нехемиа 1