Шүүгчид

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21


Бүлэг 13

Израилийн хөвгүүд дахин ЭЗЭНий мэлмийд бузар мууг үйлдсэнд ЭЗЭН тэднийг дөчин жилийн турш филистчүүдийн гарт тушаав.
2 Даны ургийн Зорагийн нэгэн хүн Маноа хэмээх нэртэй нэгэн эр байжээ. Түүний эхнэр нь хүүсэр тул хүүхэд төрүүлсэнгүй.
3 ЭЗЭНий тэнгэр элч тэр эмэгтэйд үзэгдэн—Үзэгтүн, чи хүүсэр бөгөөд хүүхэд төрүүлээгүй боловч жирэмсэлж хүү төрүүлнэ.
4 Одоо болгоомжлогтун. Усан үзмийн дарс болон архи ууж үл болно. Бузар идээг ч идэж үл болно.
5 Үзэгтүн, чи жирэмсэлж хүү төрүүлэх болно. Тэр хөвгүүний тэргүүнд тонгорог хүргэж болохгүй. Учир нь тэр эхийн умайд байхаасаа Бурханд Назир хүн болох юм. Тэр Израилийг филистчүүдийн савраас аварч эхэлнэ гэж хэлэв.
6 Өнөөх эмэгтэй ирж, нөхөртөө—Бурханы хүн над дээр ирэв. Түүний төрх нь Бурханы тэнгэр элчийн төрх мэт, ихэд аймшигтай байв. Би түүнийг хаанаас ирснийг нь ч лавласангүй, тэр ч надад нэрээ хэлсэнгүй.
7 Харин тэр надад хандан “Үзэгтүн, чи жирэмсэлж хүү төрүүлнэ. Одоо чи үзмийн дарс буюу архи ууж, бузар идээг идэж ч үл болно. Учир нь хөвгүүн эхийн умайд байхаасаа үхэх өдрөө хүртэл Бурханд Назир хүн болох юм” гэж айлдлаа гэв.
8 Тэгэхэд нь Маноа ЭЗЭНд залбирч—Эзэн минь, төрөх гэж буй хөвгүүнд юуг үйлдвэл зохихыг бидэнд түүгээр сургахын тулд Таны илгээсэн Бурханы хүнийг дахин бидэнд ирүүлж соёрхооч гэв.
9 Бурхан Маноагийн дууг сонсжээ. Өнөөх эмэгтэй тариалангийн талбайд сууж байхад нь Бурханы тэнгэр элч түүн уруу дахин ирэв. Харин түүний нөхөр Маноа түүнтэй хамт байсангүй.
10 Нөгөө эмэгтэй яаран гүйж очоод, нөхөртөө—Үзэгтүн, тэр өдөр над дээр ирсэн хүн надад үзэгдлээ гэв.
11 Тэгэхэд Маноа босож, эхнэрээ даган явж, нөгөө хүн дээр очин—Энэ эмэгтэйтэй ярьсан хүн та мөн үү? гэхэд тэр—Би мөн гэж хариулав.
12 Маноа—Одоо таны үг биелэгдэх үед хөвгүүний амьдралын хэв маяг болон үйлчлэл нь ямар байх вэ? хэмээн асуусанд
13 ЭЗЭНий тэнгэр элч Маноад—Миний хэлсэн бүхэнд эмэгтэй анхааралтай байг.
14 Усан үзмийн модноос гарсан ямар ч юмыг тэр идэж үл болно. Мөн усан үзмийн дарс болон архийг ууж үл болно. Бузар идээг идэж болохгүй. Миний тушаасан бүхнийг тэр эмэгтэйгээр сахиулагтун гэж айлдлаа.
15 Тэгэхэд нь Маноа ЭЗЭНий тэнгэр элчид—Бид танд зориулан ишиг төхөөрөх тул та түр саатаж болгооно уу? гэв.
16 ЭЗЭНий тэнгэр элч Маноад—Чи намайг саатуулсан ч би чиний идээнээс үл иднэ. Харин чи шатаалт тахилыг өргөе хэмээвэл түүнийгээ ЭЗЭНд өргөгтүн гэв. Учир нь Маноа түүнийг ЭЗЭНий тэнгэр элч гэдгийг мэдээгүй ажээ.
17 Маноа ЭЗЭНий тэнгэр элчид хандан—Таны нэр алдар хэн бэ? Таны үг биелэгдэх үед бид таныг магтах болно гэсэнд
18 ЭЗЭНий тэнгэр элч түүнд—Миний нэр гайхамшигтай гэдгийг харсаар байж юунд түүнийг асууна вэ? гэж айлдлаа.
19 Тийнхүү Маноа ишиг болон үр тариан тахилыг авч, хадан дээр ЭЗЭНд өргөв. Маноа болон түүний эхнэрийг харж байхад ЭЗЭНий тэнгэр элч гайхамшгийг үйлдэв.
20 Галын дөл тахилын ширээнээс тэнгэр өөд дүрэлзсэнд ЭЗЭНий тэнгэр элч тахилын ширээний дөлөн дотор залран дээш одов. Маноа болон түүний эхнэр үүнийг хараад нүүрээрээ газарт хөсөр унав.
21 ЭЗЭНий тэнгэр элч Маноа болон түүний эхнэрт дахин үзэгдсэнгүй. Тэгээд Маноа түүнийг ЭЗЭНий тэнгэр элч байсныг мэджээ.
22 Маноа эхнэртээ—Бид Бурханыг үзсэн тул заавал үхэх болно гэхэд
23 эхнэр нь түүнд—Хэрэв ЭЗЭН биднийг алахаар санасан аваас Тэр бидний гараас шатаалт тахил болон үр тариан тахилыг авахгүй байх байсан бөгөөд энэ бүгдийг ч бидэнд үзүүлэхгүй, бас энэ үед үүнтэй адил зүйлсийг бидэнд сонсгохгүй байх байсан гэв.
24 Үүний дараа өнөөх эмэгтэй хөвгүүн төрүүлж, түүндээ Самсон хэмээх нэр хайрлав. Хөвгүүн өсөж, ЭЗЭН түүнийг ерөөв.
25 Зора болон Ештаолын хоорондох Махане-дан хотод байхад нь ЭЗЭНий Сүнс түүнийг хөдөлгөж эхлэв.