Иаков
Бүлэг 3
Ах дүүс минь, багш нар бид үлэмж хүнд шүүлтэд орно гэдгийг мэдэн, та нараас олон хүн багш болж болохгүй.
2 Учир нь бид бүгд олон юман дээр бүдэрдэг. Хэрэв хэлэх үгэн дээрээ бүдэрдэггүй хүн байвал, тэр хүн бүх биеэ хазаарлах чадвартай төгс хүн байна.
3 Морьдыг залахын тулд бид аманд нь амгайвч хийж хазаарлаад бүх биеийг нь залдаг.
4 Мөн усан онгоцнуудыг хар. Тэдгээр нь хэдийгээр агуу том болоод зогсохгүй хүчит салхинд туугддаг боловч бас л жижигхэн залуураар жолоодуулж залуурчийн хүссэн зүгт явдаг.
5 Түүнчлэн хэл ч гэсэн биеийн жижиг эрхтэн атлаа агуу том зүйлсээр сайрхдаг ажээ.Харагтун. Ийм өчүүхэн гал ч асар их ой модыг түймэрддэг билээ.
6 Хэл бол гал бөгөөд хорт муу явдлын ертөнц аж. Хэл нь бидний эрхтнүүдийн дунд байж бүх биеийг бузарладаг. Хэл бидний амьдралын хүрдийг галдан шатаадаг бөгөөд өөрөө тамаар асаж байдаг.
7 Учир нь төрөл бүрийн араатан амьтад, шувууд, хэвлээр явагчид, амьтад болон далай тэнгисийн амьтдыг хүн төрөлхтөн номхруулж байгаа, номхруулсаар ч ирсэн.
8 Харин хэн ч хэлийг номхруулж чадахгүй. Хэл бол үхлийн хороор дүүрсэн, амралтгүй бузар эд мөн.
9 Бид хэлээр Эзэн ба Эцэгийг магтдаг. Бид түүгээр Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн хүмүүсийг хараадаг.
10 Магтаал, хараал нэг л амнаас гардаг аж. Ах дүүс минь, ийм байж болохгүй.
11 Булгийн нэг эхээс цэвэр цэнгэг ба гашуун ус зэрэг гардаг бил үү?
12 Ах дүүс минь, инжрийн мод чидун жимсийг, усан үзмийн мод инжрийг ургуулдаг бил үү? Давстай ус ч цэвэр цэнгэг усыг гаргадаггүй.
13 Та нарын дунд хэн чинь мэргэн агаад ухаалаг вэ? Тэр хүн өөрийн үйлсийг мэргэн ухааны дөлгөөн байдлаар биеэ зөв авч яван харуул.
14 Харин хэрэв та нар зүрхэндээ хорссон атаархал ба хувиа хичээсэн зорилготой бол бүү бардамна, үнэний эсрэг худал бүү ярь.
15 Энэ мэргэн ухаан бол дээрээс бууж ирдэг нь биш харин газрынх, төрөлхийнх бөгөөд чөтгөрийнх юм.
16 Учир нь хаана атаархал ба хувиа хичээсэн зорилго оршиж байна, тэнд замбараагүй байдал болоод аливаа бузар юм нь байдаг.
17 Харин дээрээс ирэгч мэргэн ухаан нь нэгд ариун, тэгээд амар тайван, эелдэг, ул суурьтай, өршөөл ба сайн үр жимсээр дүүрэн, ялгаварладаггүй, хоёр нүүр гаргадаггүй аж.
18 Үр жимс нь зөв байгчийн үр нь амар тайвныг бүтээгчдээр амар тайванд таригддаг юм.