Тит

1 2 3


Бүлэг 2

Харин чи эрүүл сургаалд тохирох зүйлсийг ярь.
2 Настай эрчүүд биеэ барьдаг, хүндэтгэлтэй, ухаалаг, итгэл, хайр, тэвчээр дотор эрүүл байх ёстой.
3 Настай эмэгтэйчүүд зан байдлаараа хүндлүүштэй байж, хов жив ярилгүй, дарсанд хэт боолчлогдолгүй, юу сайн болохыг заах ёстой.
4 Ингэснээр тэд залуу эмэгтэйчүүдийг нөхөр ба хүүхдүүдээ хайрладаг,
5 нөхөртөө захирагдан ухаалаг, цэвэр, гэрийн эзэгтэй, энэрэнгүй байхад сургах юм. Тэгвэл Бурханы үг муу хэлэгдэхгүй.
6 Үүнчлэн залуу эрчүүдийг ухаалаг бай гэж ятга.
7 Чи бүх зүйлд өөрийгөө сайн үйлсийн жишээ болгон харуул. Ингэхдээ сургаал дотор ялзраагүй байж, хүндлэлтэй байн,
8 гэм зэмгүй эрүүл үгээр ярь. Тэгвэл сөргөлдөгч хүн чинь бидний тухай ярих муу юмгүй болж ичгүүрт орно.
9 Боолчууд аливаа зүйл дээр эзэндээ захирагдан, зөрж эсэргүүцэлгүй таалалд нь нийцүүлж,
10 хумслалгүй, харин алив сайн итгэлийг харуул. Тэгвэл тэд бидний Аврагч Бурханы сургаалыг бүх талаар хүндэтгэнэ.
11 Учир нь бүх хүмүүст авралыг авчрагч Бурханы нигүүлсэл үзэгдэн,
12 бидэнд бурханлаг бус байдлыг болон ертөнцийн шуналыг үгүйсгэхийг, мөн эдүгээ үед ухаалаг, зөвт байдлаар болон бурханлаг амьдрахыг сургадаг.
13 Ингэхдээ бид өөрсдийн аугаа Бурхан ба Аврагч болох Есүс Христийн цог жавхлант илэрхийлэл хийгээд ерөөлт найдварыг хүлээдэг.
14 Тэр Өөрийгөө бидний төлөө өгсөн нь биднийг алив ёс бус явдлаас золин, Өөртөө сайн үйлсийн төлөө зүтгэлтэй, тусгай ард түмнийг цэвэршүүлэхийн тулд юм.
15 Чи эдгээрийг бүхий л эрх мэдэлтэйгээр ярь, ухуул, зэмлэ. Хэн ч чамайг бүү басамжлаг.