Филиппой

1 2 3 4


Бүлэг 3

Эцэст нь ах дүүс минь, Эзэний дотор баярла. Та нарт урьд нь бичсэн зүйлээ бичих нь миний хувьд үнэхээр төвөгтэй биш бөгөөд харин энэ нь та нарын хувьд сэрэмжлэл болно.
2 Ноходтой адил байгсдаас, бузрыг үйлдэгчдээс, хуурамч хөвч хөндөлтөөс болгоомжлогтун.
3 Учир нь махан биедээ түшиглэдэггүй, Бурханы Сүнсээр мөргөж, Христ Есүсээр сайрхдаг бид бол жинхэнэ хөвч хөндүүлэгсэд билээ.
4 Гэсэн ч би махан биедээ түшиглэж болох юм. Хэрэв хэн нэгэн хүнд махан биедээ түшиглэх санаа байх аваас надад бол бүр ч илүү юм.
5 Би төрөөд найм дахь хоногтоо хөвч хөндүүлсэн, Израиль үндэстэн, Бениамин овгийн хүн, Еврей хүнээс төрсөн Еврей. Хуулиар бол фарисай,
6 идэвх зүтгэлээрээ бол чуулганыг хавчигч, Хууль дахь зөвт байдлаар бол гэм зэмгүй байв.
7 Гэвч миний хувьд ололт байсан бүх юмсыг би Христийн төлөө гарз хохирол болгон тооцов.
8 Тэр ч байтугай, би өөрийн Эзэн Христ Есүсийг таньж мэдэхийн давуу агуу байдлын төлөө бүх юмсыг гарз хохирол болгон үздэг. Би Түүний төлөө бүх юмсын гарз хохирлыг амсаж, тэдгээрийг хог гэж үздэг нь Христийг олохын тулд бөгөөд
9 Хуулиас гардаг өөрийнхөө зөвт байдалтай биш, харин Христэд итгэх итгэлээр ирдэг, итгэлийн үндсэн дээр Бурханаас ирдэг зөвт байдалтай Түүний дотор би олдохын тулд юм.
10 Ингэхдээ би Түүнийг болон Түүний амилалтын хүч, зовлонгуудын нөхөрлөлийг таньж мэдэн, Түүний үхэлтэй адилхан болгогдож,
11 үхэгсдээс амилуулагдахад хүрмээр байна.
12 Би хэдийн хүлээн авсан юм уу, эсвэл хэдийн төгс болчихсондоо биш, харин би бас Христ Есүст юуны төлөө баригдсан, түүнийг барьж авахын тулд урагшилдаг.
13 Ах дүү нар аа, би өөрөө хараахан барьж авсан гэж боддоггүй, харин нэг л юмыг хийдэг, ардахаа мартаж, урьдах зүйлс уруугаа зүтгэн тэмүүлж,
14 Христ Есүс дотор Бурханы дээш чиглэсэн дуудлагын шагналыг авахын төлөө бариа уруу урагшилдаг.
15 Тиймээс төлөвшсөн бид бүхэн ийм бодолтой байцгаая. Хэрэв ямар нэгэн юман дээр та нар өөр бодолтой байвал, үүнийг бас Бурхан та нарт илэрхийлнэ.
16 Гэвч бидэнд өгөгдсөн тэр л жишгийн дагуу явсаар байя.
17 Ах дүү нар аа, намайг дуурайгчид бай. Бидний та нарт үзүүлсэн жишээгээр явдаг хүмүүсийг ажигла.
18 Миний та нарт үргэлж ярьж байсан олон хүмүүс Христийн загалмайн дайснууд мэт явдаг гэж би одоо уйлан байж хэлж байна.
19 Тэдний төгсгөл бол сүйрэл. Тэдний бурхан бол ходоод бөгөөд тэд гутамшигт зүйлсээр сайрхдаг. Тэд дэлхийн юмыг л сэтгэж боддог.
20 Харин бидний иргэний харьяалал нь тэнгэрт байгаа бөгөөд тэндээс бид Аврагч Эзэн Есүс Христийг хүлээж байна.
21 Тэр бүх юмсыг Өөртөө захируулж чадах хүчээрээ бидний дорд биеийг Өөрийнхөө цог жавхлант биетэй адил болгон өөрчилнө.