Галат

1 2 3 4 5 6


Бүлэг 5

Христ биднийг эрх чөлөөтэй болгохын тулд чөлөөлсөн юм. Иймд бат зогс, дахиж боолчлолын буулганд бүү орогтун.
2 Харагтун. Хэрэв та нар хөвч хөндөх ёслолыг хүлээн авбал, Христ та нарт ямар ч тус болохгүйг Паул би хэлж байна.
3 Хөвч хөндөх ёслолыг хүлээн авсан хүн бүрд би дахин гэрчилье. Тэр хүн бол бүх Хуулийг биелүүлэх өртөн мөн.
4 Хуулиар зөвтгөгдөхийг оролдож буй та нар Христээс тусгаарлагдсан ажээ. Та нар нигүүлслээс салан унажээ.
5 Учир нь бид Сүнсээр дамжуулан итгэлээр зөвт байдлын найдварыг хүлээж байна.
6 Христ Есүс дотор хөвч хөндүүлэх ба хөвч хөндүүлэхгүйн аль аль нь ямар ч ашиг тусгүй. Харин хайраар дамжуулан ажиллаж буй итгэл л чухал юм.
7 Та нар сайн гүйж байсан. Хэн та нарыг үнэнд дуулгавартай байхад чинь саад болсон бэ?
8 Та нарыг дууддаг Түүнээс энэ үзэл бодол ирээгүй.
9 Өчүүхэн хөрөнгө зуурсан гурилыг бүхэлд нь исгэдэг.
10 Та нарыг өөр юуг ч бодохгүй гэдэгт би Эзэн дотор та нарт итгэж байна. Харин та нарыг үймүүлэгч хэн боловч шийтгэлээ хүртэх болно.
11 Гэвч ах дүү нар аа, хэрэв би хөвч хөндөх ёслолыг тунхагласаар байвал юунд би мөшгөгдөн хавчигдсаар байх билээ? Тэгвэл загалмайн бүдрүүлэх саад нь алга болсон хэрэг.
12 Хэрэв болдогсон бол та нарыг үймүүлэгчид өөрсдийгөө агтлаасай.
13 Ах дүү нар аа, та нар эрх чөлөө уруу дуудагдсан юм. Гэхдээ та нар эрх чөлөөгөө махан биеийн төлөөх таатай боломж болгож бүү ашигла. Харин бие биедээ хайраар үйлчил.
14 Учир нь Хууль бүхэлдээ нэг үгэнд л багтдаг юм. Энэ нь “Чи хөршөө өөрийн адил хайрла” гэсэн нь мөн.
15 Хэрэв та нар нэг нэгнээ зуудаг, цөлмөдөг бол, та нар бие биеэ хөнөөх вий гэж болгоомжлогтун.
16 Харин Сүнсээр яв, тэгвэл та нар махан биеийн хүслээ гүйцэлдүүлэхгүй гэж би та нарт хэлнэ.
17 Учир нь махан бие Сүнсний эсрэг хүсдэг, Сүнс махан биеийн эсрэг хүсдэг юм. Яагаад гэвэл хүссэн юмсыг чинь хийлгэхгүйн тулд махан бие ба Сүнс нь нэг нэгнээ эсэргүүцдэг ажээ.
18 Хэрэв та нар Сүнсээр удирдуулдаг бол Хуулийн дор байхгүй байна.
19 Эдүгээ махан биеийн үйлс нь илэрхий юм. Эдгээр нь завхайрал, бузар байдал, тачаангуй байдал,
20 шүтээн шүтэх, ид шид, дайсагнал, маргаан, хардалт, уур хилэн, өрсөлдөөн, хагарал, тэрс үзэл санаа,
21 атаархал, архидалт, утга учиргүй наргиж цэнгэх зэрэг нь юм. Би урьд нь та нарт сануулж байсанчлан урьдчилан сануулъя. Ийм зүйлсийг үйлдэгчид нь Бурханы хаанчлалыг өвлөхгүй.
22 Харин Сүнсний үр жимс нь хайр, баяр баясгалан, амар тайван, тэвчээр, энэрэл, сайхан сэтгэл, итгэлтэй байдал,
23 дөлгөөн зан, өөрийгөө захирах байдал нь юм. Эдгээрийн эсрэг хууль гэж байдаггүй юм.
24 Христ [Есүст] хамаатай хүмүүс өөрсдийн махан биеэ бузар хүсэл, тачаалынх нь хамт загалмайд цовдолсон ажээ.
25 Хэрэв бид Сүнс дотор амьд байгаа юм бол, мөн Сүнс дотор явцгаая.
26 Бид нэг нэгнээ өдөөн сөрж, өөр зуураа атаархан, сайрхахгүй байцгаая.