Иохан
Бүлэг 3
Фарисайчуудын дотор Никодем гэгч хүн байлаа. Тэр иудейчүүдийн удирдагчдын нэгэн байв.
2 Тэр хүн Есүс дээр шөнөөр ирээд Түүнд—Рабби, Таныг Бурханаас ирсэн багш гэдгийг бид мэднэ. Учир нь Бурхантай хамт байхгүй л бол, хэн ч Таны үйлддэг тэмдгүүдийг үйлдэж чадахгүй гэв.
3 Есүс хариуд нь—Үнэнээр, үнэнээр Би чамд хэлье. Хэн дээрээс эс төрнө, тэр хүн Бурханы хаанчлалыг үзэж чадахгүй гэхэд
4 Никодем Түүнд—Настай болсон атлаа хүн хэрхэн төрөх билээ? Хүн эхийн хэвлийд хоёр дахиа орж, төрж чадна гэж үү? гэлээ.
5 Есүс—Үнэнээр, үнэнээр Би чамд хэлье. Хэн ус болон Сүнснээс эс төрнө, тэр хүн Бурханы хаанчлалд орж чадахгүй.
6 Махан биеэс төрсөн нь махан бие, Сүнснээс төрсөн нь сүнс болой.
7 “Чи дээрээс төрөх ёстой” гэж Би чамд хэлсэнд бүү гайх.
8 Салхи дуртай газраараа үлээдэг. Чи дууг нь сонсовч, салхийг хаанаас ирж, хааш оддогийг мэддэггүй. Сүнснээс төрсөн хүн бүр үүнтэй адил байдаг гэж айлдав.
9 Никодем Түүнээс—Ийм юм яаж байх юм бэ? гэж асуулаа.
10 Есүс—Чи Израилийн багш атлаа үүнийг ойлгохгүй байна гэж үү?
11 Үнэнээр, үнэнээр Би чамд хэлье. Бид мэдсэнээ ярьж, үзсэнээ гэрчилж байхад та нар бидний гэрчлэлийг хүлээн авдаггүй.
12 Хэрэв Би чамд газрын юмсыг ярихад чи итгэхгүй бол, тэнгэрийн юмсыг Би яривал, чи яаж итгэх юм бэ?
13 Тэнгэрээс доош бууж ирсэн Хүний Хүүгээс өөр тэнгэрт дээш гарсан хүн нэг ч байхгүй.
14 Мосе цөлд тэр могойг өргөсөн шиг, Хүний Хүү ч бас өргөгдөх ёстой.
15 Энэ нь Түүнд итгэгч хүн бүрийг мөнх амьтай байлгахын тулд билээ.
16 Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул цорын ганц Хүүгээ өгсөн. Ингэснээр Хүүд итгэгч хэн ч мөхөхгүй, харин мөнх амьтай болох юм.
17 Бурхан Өөрийн Хүүгээ ертөнцийг яллахын тулд биш, харин Түүгээр дамжуулан ертөнцийг аврахын тулд ертөнц уруу илгээсэн билээ.
18 Түүнд итгэдэг хүн яллагдахгүй. Харин үл итгэдэг хүн аль хэдийн яллагдсан. Учир нь тэр хүн Бурханы цорын ганц Хүүгийн нэрэнд итгээгүй юм.
19 Тэрхүү яллалт ийм билээ. Гэрэл ертөнцөд ирэхэд хүмүүсийн үйлс бузар муу учир тэд харанхуйг гэрлээс илүү хайрласан юм.
20 Учир нь өөрийнх нь үйлс ил гарчих вий гэж бузрыг үйлдэгч хүн бүр гэрлийг үзэн ядаж, гэрэл уруу гарч ирдэггүй.
21 Харин үйлс нь Бурханы дотор үйлдэгдсэн гэдгийг ил харуулахын тулд үнэнийг үйлдэгчид гэрэл уруу ирдэг гэлээ.
22 Дараа нь Есүс шавь нартайгаа Иудей нутагт очиж, тэдэнтэй хамт тэнд байж, баптисм хүртээж байлаа.
23 Мөн Иохан Салимын ойролцоо Аенонд баптисм хүртээж байв. Учир нь тэнд ус ихтэй ажээ. Хүмүүс ирж баптисм хүртэж байлаа.
24 Учир нь Иохан хараахан шоронд хоригдоогүй байв.
25 Тэр цагт Иоханы шавь нар болон нэгэн Иудей хүний хооронд ариусгалын талаар маргаан үүсжээ.
26 Тэд Иохан уруу ирж—Рабби, Иорданы тэртээ Тантай хамт байсан, таны гэрчилж байсан Тэр нь одоо баптисм хүртээж байна. Бүгд Түүн уруу очиж байна гэсэнд
27 Иохан—Тэнгэрээс өөрт нь өгөгдөөгүй л бол хүн юуг ч хүлээн авч чадахгүй.
28 “Би бол Христ биш, харин Түүний урьд илгээгдсэн нэгэн мөн” гэж миний хэлснийг гэрчлэгч нь та нар өөрсдөө билээ.
29 Бэр авагч нь шинэ хүргэн мөн. Харин зогсоод чагнагч найз нь шинэ хүргэний дуунд үлэмж баясдаг. Миний энэ баяр хөөр ч дүүрэн болов.
30 Тэр өсөж, харин би буурах ёстой гэж хэлэв.
31 Дээрээс ирэгч нь бүхний дээр байдаг. Газраас ирэгч нь газрынх бөгөөд газрын тухай л ярьдаг. Тэнгэрээс ирэгч нь [бүхний дээр байдаг].
32 Тэр үзсэн, сонссоноо гэрчилдэг боловч хэн ч Түүний гэрчлэлийг хүлээн авдаггүй.
33 Түүний гэрчлэлийг хүлээн авсан хүн Бурхан бол үнэн гэж батлан тамгалсан юм.
34 Бурханаас илгээгдсэн Тэр Бурханы үгийг айлддаг. Учир нь Бурхан Сүнсийг хэмжээлшгүйгээр өгдөг.
35 Эцэг нь Хүүгээ хайрлан, Түүний гарт бүх юмсыг өгсөн юм.
36 Хүүд итгэдэг хүн мөнх амьтай. Харин Хүүд итгэдэггүй хүн мөнх амийг үзэхгүй. Харин Бурханы уур хилэн тэр хүн дээр байдаг.