Иошуа
Бүлэг 5
Иорданы чанадад баруунтайд орших Аморийн бүх хаад, мөн далайн эргийн дагуух Канааны бүх хаад ЭЗЭН хэрхэн Иорданы усыг Израилийн хөвгүүдийн өмнө тэднийг гаталж дуустал ширгээснийг сонсоод, зүрх нь мохож, Израилийн хөвгүүдээс болж сүнс сүлд нь арилав.
2 Тэр үед ЭЗЭН Иошуад—Өөртөө цахиур хутгануудыг хийж, Израилийн хөвгүүдэд хоёр дахь удаа хөвч хөндөх ёслол хий гэлээ.
3 Тэгэхэд нь Иошуа цахиур хутганууд хийн, Гибеат-хааралотод Израилийн хөвгүүдийн хөвчийг хөндөв.
4 Иошуа тэдний хөвчийг хөндсөний учир юу гэвэл Египетээс гарч явсан дайтах насны бүх эрчүүд Египетээс гарч явсныхаа дараа замдаа цөлд үхэцгээсэн юм.
5 Учир нь гарч явсан хүмүүс бүгд хөвч хөндүүлсэн байсан боловч Египетээс гарч явсны дараах аян замд, цөл газарт мэндэлсэн бүх хүн хөвч хөндүүлээгүй байлаа.
6 Египетээс гарч явсан дайчин эрчүүд буюу бүх үндэстэн ЭЗЭНий үгийг сонсоогүй учраас тэднийг устаж дуустал Израилийн хөвгүүд цөлд дөчин жил тэнүүчилжээ. Учир нь бидэнд өгөхөөр тэдний эцэг өвгөдөд ЭЗЭНий амласан сүү болон балаар бялхсан газар нутгийг тэдэнд харуулахгүй гэж ЭЗЭН тангарагласан билээ.
7 Харин тэдний оронд ЭЗЭНий босгосон хүүхдүүдэд нь Иошуа хөвч хөндөх ёслол үйлджээ. Учир нь тэд замын туршид хөвч хөндүүлээгүй байв.
8 Үндэстэн бүхлээрээ хөвч хөндүүлж дууссаны дараа эдгэртлээ хуарандаа байв.
9 Дараа нь ЭЗЭН Иошуад—Өнөөдөр Би та нараас Египетийн зэмлэлийг зайлууллаа гэв. Тийнхүү энэ газрын нэр өнөөг хүртэл Гилгал гэгддэг юм.
10 Израилийн хөвгүүд Гилгалд буудаллаж байх зуураа уг сарын арван дөрөвний өдрийн орой Иерихогийн тал газарт Дээгүүр Өнгөрөх баярыг тэмдэглэв.
11 Дээгүүр Өнгөрөх баярын дараагийн өдөр нь тэд газрын үр шим, исгээгүй талх болон хуурсан үр тариа идэв.
12 Тэд газрын үр шимээс хүртсэний дараа өдөр нь манна дууссан бөгөөд Израилийн хөвгүүд дахин маннаг авсангүй. Харин тэр жилийн туршид тэд Канаан нутгийн ургацаас хүртэв.
13 Иошуа Иерихогийн ойролцоо байх үед нүдээ дээш өргөн хартал, эсрэг талд нь сэлмээ сугалан гартаа барьсан хүн зогсож байв. Иошуа түүн уруу очин, түүнээс—Та бидний талд уу, манай дайсны талд уу? гэж асуусанд
14 тэр—Үгүй, харин би ЭЗЭНий дайчдын жанжнаар ирээд байна гэхэд нь Иошуа нүүрээрээ газарт унан мэхийж, түүнд—Миний эзэн өөрийн зарцдаа юу хэлэхсэн бол? гэж асуулаа.
15 ЭЗЭНий дайчдын жанжин Иошуад—Зогсож буй газар чинь ариун учраас хөлөөсөө шаахайгаа тайл гэхэд Иошуа ёсоор нь үйлдлээ.