2 Самуел
Бүлэг 6
Давид Израилийн гучин мянган шилдэг эрсийг бүгдийг нь дахин цуглуулав.
2 Давид босож, херубуудын дээр залрагч түмэн цэргийн ЭЗЭНий нэрээр дуудагдсан Бурханы авдрыг авчрахаар өөртэйгөө хамт байсан бүх хүмүүстэйгээ Баале-иуда уруу явав.
3 Толгодын дээр байх Абинадабын гэрээс авчрахын тулд тэд Бурханы авдрыг шинэ тэргэн дээр тавив. Абинадабын хөвгүүд болох Узза, Ахио нар шинэ тэргийг хөтөлж явлаа.
4 Толгодын дээр байх Абинадабын гэрээс тэд Бурханы авдрыг шинэ тэргээр зөөж ирсэн бөгөөд Ахио авдрын урд алхаж явжээ.
5 Тэр үед Давид болон Израилийн бүх гэр хуш модон хөгжмийн зэмсгүүд болон ятга, лир, хэнгэрэг, товшуур, цан дуугарган ЭЗЭНий өмнө баярлаж байв.
6 Харин тэд Наконы үтрэмд ирэх үед үхэр нь Бурханы авдрыг унагаах шахсан тул Узза түүн уруу хүрч, бариад авав.
7 ЭЗЭНий уур хилэн Уззагийн эсрэг шатаж, Бурхан хүндэтгэлгүй байдлаас нь болж түүнийг тэр газарт цохисонд тэрээр Бурханы авдрын дэргэд үхэв.
8 ЭЗЭН Уззад хилэгнэсэнд Давид уурлав. Тэр газар өнөөдрийг хүртэл Перез-узза хэмээн нэрлэгддэг.
9 Тэр өдөр Давид ЭЗЭНээс айн—ЭЗЭНий авдар надад хэрхэн ирж болох билээ? гэв.
10 Давид ЭЗЭНий авдрыг Давидын хотод шилжүүлэн, өөрийн хамт байлгахыг хүссэнгүй. Харин түүнийг гит хүн Обед-едомын гэрт хүргэв.
11 Ийнхүү ЭЗЭНий авдар гит хүн Обед-едомын гэрт гурван сар үлдэв. ЭЗЭН Обед-едомыг болон хамаг гэрийнхнийг нь ерөөв.
12 Давид хаанд—Бурханы авдраас болж ЭЗЭН Обед-едомын гэр болон түүнд харьяалагддаг хамаг юмыг ерөөсөн гэж мэдэгдлээ. Давид явж, Бурханы авдрыг Обед-едомын гэрээс Давидын хот уруу баяртайгаар авч ирэв.
13 ЭЗЭНий авдрыг дамжлагч хүмүүс зургаан алхам явсны дараа Давид үхэр болон тарган тугалаар тахил өргөв.
14 Давид ЭЗЭНий өмнө бүхий л чадлаараа бүжиглэв. Давид маалинган ефод өмссөн байлаа.
15 Ийнхүү Давид болон Израилийн хамаг гэр уухайлан, эвэр бүрээ хүнгэнүүлсээр ЭЗЭНий авдрыг авчирч байлаа.
16 ЭЗЭНий авдар Давидын хотод орж ирэх үед Саулын охин Михал цонхоор харж, Давид хааныг ЭЗЭНий өмнө цовхчин бүжиглэхийг үзээд зүрх сэтгэл дотроо түүнийг басамжлав.
17 Ингээд тэд ЭЗЭНий авдрыг авчран, түүнд зориулан Давидын босгосон майхны дотор түүнийг байранд нь залав. Давид ЭЗЭНий өмнө шатаалт тахилууд болон эвийн тахилуудыг өргөв.
18 Давид шатаалт тахил болон эвийн тахилыг өргөж дуусаад түмэн цэргийн ЭЗЭНий нэрээр ардуудыг ерөөв.
19 Цаашлаад тэр хамаг ардууд, эрэгтэй ба эмэгтэй Израилийн бүх олон түмэнд хишиг хүртээн, хүн бүрд нэг талх, шарсан мах, атга үзэм өгөв. Дараа нь хамаг ардууд гэр гэртээ харив.
20 Харин Давид гэр бүлийнхнээ ерөөхөөр буцаж ирэхэд, Саулын охин Михал Давидыг угтахаар гарч ирээд,—Израилийн хаан өнөөдөр ямар их онцгойров? Мунхаг хүмүүсийн нэг нь ичгүүргүйгээр нүцгэлдгийн адил өнөөдөр тэр зарц нарынхаа шивэгчдийн нүдний өмнө нүцгэллээ гэв.
21 Ингэхэд Давид Михалд—Чиний эцэг болон түүний хамаг гэрийн дээгүүр намайг сонгож, намайг ЭЗЭНий ард түмэн болох Израилийн хаан болгон томилсон ЭЗЭНий өмнө л би бүжиглэсэн. Тийм учраас би ЭЗЭНий өмнө баярлах л болно.
22 Би үүнээс илүү доромжлогдож, өөрийн нүдэнд даруу харагдсан ч, харин чиний хэлсэн тэдгээр шивэгчдэд хүндлэгдэх болно гэв.
23 Саулын охин Михал насан эцэс болтлоо үр хүүхэдгүй байв.