2 Самуел
Бүлэг 20
Бениамин хүн Бихрийн хөвгүүн Шеба гэгч нэгэн үймээн дэгдээгч тэнд байв. Тэр эвэр бүрээ үлээн—Давидад өгөх хувь гэж бидэнд байхгүй.Иессийн хөвгүүнээс залгамжлан авах өв бидэнд үгүй.Израиль аа, хүн бүр тус тусынхаа майхан уруугаа буцацгаагэж байв.
2 Ийнхүү Израилийн бүх хүн Давидыг дагахаа больж, Бихрийн хөвгүүн Шебаг дагав. Гэвч иудачууд Иордан голоос Иерусалим хүртэл өөрсдийн хааны дэргэд баттай үлдэв.
3 Давид Иерусалимд буй гэртээ ирэв. Хаан гэрээ сахиулахаар үлдээсэн арван бага эхнэрээ авч, хянагчаар харгалзуулан тэжээж байв. Гэвч хаан тэдэн уруу очсонгүй. Тэгээд тэд бэлэвсэн эмэгтэй мэт амьдарч, үхэн үхтлээ түгжигдмэл байв.
4 Хаан Амасад—Иуда хүмүүсийг гурав хоногийн дотор дуудан цуглуул. Чи өөрөө мөн энд байж байгаарай гэв.
5 Тэгээд Амаса Иуда хүмүүсийг дуудахаар явсан боловч тогтоосон хугацаанд хийсэнгүй, удаашруулав.
6 Давид Абишаид—Одоо, бидэнд Бихрийн хөвгүүн Шеба Абсаломаас ч илүү гайтай боллоо. Чи миний цэргүүдийг дагуулж, түүнийг мөшгөн хөө. Эс тэгвээс тэр бэхлэгдсэн хотод орогнож, бидний хяналтаас гарч магад гэв.
7 Тэгээд Иоабын эрчүүд, Херет болон Пелетийн бүх хүчит эрчүүдийн хамт түүний араас хөдлөв. Тэд Бихрийн хөвгүүн Шебаг нэхэн хөөхөөр Иерусалимаас гарав.
8 Тэднийг Гибеон дахь нэгэн бул чулууны дэргэд байхад, Амаса тэдэнтэй уулзахаар ирэв. Иоаб цэргийн хувцсаа өмссөн байсан бөгөөд хуйтай илдээ ташаандаа зүүсэн байв. Тэгээд түүнийг урагшаа алхахад, илд нь сугарав.
9 Иоаб Амасад—Ах минь, та амар байна уу? хэмээн өгүүлээд, Амасаг үнсэхээр баруун гараараа сахлыг нь атгав.
10 Харин Амаса Иоабын гарт буй илдийг эсэргүүцэх зэвсэггүй байв. Иоаб түүний хэвлий уруу дүрсэнд, гэдэс нь газарт гоожив. Тэгээд түүнийг дахин дүрсэнгүй. Амаса ч үхэв. Дараа нь Иоаб болон түүний дүү Абишаи нар Бихрийн хөвгүүн Шебаг нэхэн хөөв.
11 Иоабын залуусын нэг нь Амасагийн дэргэд зогсоод—Иоабыг таашааж, Давидын төлөө явах хүн байвал, Иоабыг дагагтун гэв.
12 Амаса замын голд цусандаа хутгалдан хэвтэж байв. Тэр залуу бүх хүмүүсийн хөдөлгөөнгүй зогсохыг хараад, Амасаг замаас тал газар уруу аваачив. Түүний хажуугаар өнгөрөгч бүгд хөдөлгөөнгүй зогсохыг хараад, түүнийг дээлээр бүтээв.
13 Амасаг замаас холдуулмагц, Бихрийн хөвгүүн Шебаг хөөхөөр бүгд Иоабын араас дагав.
14 Шеба Абел хүртэл, бүр Бет-Маака, Бер хүртэл Израилийн бүх овог аймгуудаар явав. Тэд цугларан нэгдэж, түүний араас дагалаа.
15 Хүмүүс түүний орогносон Абел, Бет-маакаг бүслэн ирж хотын харалдаа далан босгов. Энэ нь бэхлэлт болгон босгосон хамгаалалтын хажууд байв. Иоабтай хамт байсан бүх хүмүүс хэрмийг эвдэж нураахыг оролдов.
16 Тэр үед тэр хотоос нэгэн ухаалаг эмэгтэй—Сонсооч, сонсооч. “Нааш ир. Чамд хэлэх юм байна” гэж Иоабт хэлээч гэж хашхирав.
17 Иоабыг түүн уруу ойртоход, тэр эмэгтэй—Чи Иоаб мөн үү? хэмээн асуув. Тэрээр—Би байна гэхэд, тэр эмэгтэй—Шивэгчин миний үгийг сонсооч гэхэд—Би сонсож байна гэв.
18 Тэгээд тэр эмэгтэй ийнхүү ярив.—Урьд хүмүүс “Тэд Абелд зөвлөлдөх нь лавтай” гэж хэлэн маргааныг эцэслэдэг байв.
19 Би Израилийн энхийг сахидаг, үнэнч итгэлт хүмүүсийн нэг. Чи Израилийн эх болох хотыг устгах гэж байна. Чи юуны учир ЭЗЭНий өвийг залгих нь вэ? гэв.
20 Иоаб хариуд нь—Огт тийм бус. Хоосруулж устгах гэдэг нь надаас хол байг!
21 Хэргийн учир үүнд биш юм. Харин Бихрийн хөвгүүн Шеба гэгч Ефраимын уулархаг нутгийн нэгэн хүн Давид хааныг эсэргүүцэв. Зөвхөн түүнийг тушааж өгвөл би энэ хотоос холдоно гэхэд тэр эмэгтэй Иоабт—Түүний толгойг хэрэмний дээрээс чам уруу шидэн унагаая гэв.
22 Тэр эмэгтэй ухаалгаар хамаг ардууд дээр очив. Тэд Бихрийн хөвгүүн Шебагийн толгойг огтолж, Иоаб уруу шидэв. Тэгээд Иоаб эвэр бүрээ үлээхэд, хүмүүс хотоос таран явж, тус тусынхаа майхан уруу буцацгаав. Иоаб ч мөн адил Иерусалим уруу хаан дээр буцаж ирэв.
23 Иоаб Израилийн бүхий л цэргийн удирдагч болов. Иехоиадагийн хөвгүүн Бенаиа херетчүүд болон пелетчүүдийн удирдагч байв.
24 Адорам албадлагын ажил хянагч, Ахилудын хөвгүүн Иехошафат бичээч,
25 Шева гүүш, Задок болон Абиатар нар тахилч,
26 иар хүн Ира Давидын тахилч байв.