Еврей

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13


Бүлэг 12

Тиймээс бид өөрсдийг минь хүрээлэн буй гэрчлэлийн үлэмж агуу үүлтэй тул аливаа саад тотгор ба биднийг тун амархан урхиддаг нүглийг хажуу тийш нь тавьж, өмнөө тавигдсан уралдаанд тэвчээртэйгээр гүйцгээе.
2 Итгэлийг Эхлүүлэгч бөгөөд бүрэн дүүрэн Төгсгөгч болох Есүс уруу хараагаа чиглүүлье. Тэр Өөрийнх нь өмнө тавигдсан баяр баясгалангийн төлөө гутамшгийг эс тоомсорлон, загалмайг тэвчсэн бөгөөд Бурханы сэнтийн баруун гарт заларсан юм.
3 Сэтгэлээр унахгүй байж тэнхээгээ барахгүйн тулд Түүнийг санагтун. Тэрээр Өөрийнх нь эсрэг нүгэлтнүүдээс тийм эсэргүүцлийг тэвчсэн ажээ.
4 Нүглийн эсрэг тэмцэлдээ цус урсгах хүртлээ та нар хараахан эсэргүүцээгүй байгаа.
5 Та нарт хөвгүүд шигээ хандсан тэрхүү сэнхрүүллийг та нар мартжээ.“Миний хүү, Эзэний сахилгажуулалтыг хөнгөн үзэж болохгүй.Тэр чамайг зэмлэх үед сэтгэлээр бүү уна.
6 Учир нь Эзэн хайрладаг хүнээ сахилгажуулдаг юм.Тэр хүлээн авдаг хүү болгоноо ташуурддаг”гэжээ.
7 Та нарын тэвчдэг чинь сахилга баттай болохын төлөө юм. Бурхан хөвгүүдтэйгээ харьцдаг шигээ та нартай тийнхүү харьцдаг. Учир нь эцэг нь сахилгажуулдаггүй хүү хаа байна?
8 Хэрэв бүгдээрээ хүртсэн сахилга та нарт байхгүй бол та нар хөвгүүд нь бус, бутач хүүхдүүд аж.
9 Биднийг сахилгажуулдаг махан биеийн эцгүүд бидэнд байсан. Бид тэднийг хүндэлдэг байсан бол тэгэх тусмаа бид сүнснүүдийн Эцэгт захирагдан амьдрах нь үлэмж дээр бус уу?
10 Учир нь тэд өөрсдийн үзэмжийн дагуу биднийг богино хугацаанд сахилгажуулсан юм. Харин Тэр бидний сайн сайхны төлөө ажээ. Тэгснээр бид Түүний ариун байдлыг хуваалцах юм.
11 Бүх сахилгажуулалт нь тухайн үедээ баяр хөөртэй бус, харин уй гашуутай мэт санагдавч дараа нь энэ нь түүгээр сургагдсан хүмүүст зөвт байдлын амар амгалан бүхий үр жимсийг төрүүлж өгдөг.
12 Иймд цуцсан гар, сульдсан өвдгөө тэнхрүүлэгтүн.
13 Доголон нь замаасаа хазайхгүй, харин эдгээгдэхийн тулд өөрсдийн хөлд зориулж шулуун зам тавь.
14 Бүх хүнтэй эвтэй байхыг болон ариусгалыг мөшгөгтүн. Үүнгүйгээр хэн ч Эзэнийг үзэхгүй болой.
15 Хэн чинь ч Бурханы нигүүлслээс салахгүйн тулд болон ямар ч гашуун үндэс урган хор учруулан, түүгээр олон хүн бузарлагдахгүйн тулд сэрэмжил.
16 Садар самуун, эсвэл хоолны төлөө ууган хүүгийн эрхээ худалдсан Есав шиг сүсэггүй хүн болчихгүйн тулд сэрэмжил.
17 Тэр дараа нь ерөөлийг өвлөхийг хүссэн боловч гологдсон билээ. Учир нь тэр нулимс унаган ерөөлийг хайсан хэдий ч гэмшлийн төлөөх зайг олоогүй гэдгийг та нар мэднэ.
18 Учир нь та нар хүрч болох уул уруу болон дүрэлзэн буй гал, харанхуй, түнэр харанхуй, хуй салхи,
19 бүрээн хүнгэнэх дуу болон үгсийн дуу чимээ уруу ирээгүй. Энэ нь тэр чимээг сонссон хүмүүсийн дахиад ямар ч үг бүү айлдаач хэмээн зайлсхийж байсан тийм чимээ юм.
20 Учир нь тэд “Хэрэв амьтан ч гэсэн ууланд хүрэх аваас түүн уруу чулуу шидэгтүн” гэсэн тушаалыг тэсвэрлэж чадаагүй юм.
21 Энэ явдал үнэхээр аймшигтай байсан тул Мосе “Би айдаст автаж, чичирсэн” гэж хэлсэн.
22 Харин та нар Сион уул, амьд Бурханы хот болох тэнгэрлэг Иерусалим уруу, баярын цуглаан дахь тоо томшгүй тэнгэр элч нар,
23 тэнгэрт бүртгэгдсэн анх төрөгсдийн чуулган, бүгдийн Шүүгч Бурхан болон төгс болгогдсон зөвт хүмүүсийн сүнснүүд уруу ирсэн.
24 Мөн шинэ гэрээний Зууч Есүс уруу болон Абелынхаас илүү дээр ярьдаг цацагдсан цус уруу ирсэн.
25 Айлдагчийг хэрэгсэхгүй байхаас та нар сэрэмжил. Учир нь хэрэв газар дээр тэдэнд сануулсан түүнийг тэд үл хэрэгсээд зугтчихаагүй бол тэгэх тусмаа тэнгэрээс сануулагч Түүнээс бид нүүр буруулан зугтаж чадна гэж үү?
26 Тэгэхэд Түүний дуу дэлхийг доргиож ганхуулсан. Харин эдүгээ Тэр “Би дахиж нэг удаа зөвхөн дэлхийг бус, тэнгэрийг ч мөн сэгсэрнэ” гэж амласан.
27 “Дахиж нэг удаа” гэдэг нь үл ганхуулагдах юмс нь үлдэхийн тулд бүтээгдсэн ганхуулагдах юмс нь зайлуулагдахыг хэлж байгаа юм.
28 Тиймээс бид үл ганхах хаанчлалыг хүлээн авсан тул талархлаа илэрхийлцгээе. Үүгээр хүндлэл, айдас бүхий тааламжит үйлчлэлийг Бурханд өргөх юм.
29 Яагаад гэвэл бидний Бурхан шатаах гал мөн.